Сонгуулийн жил гарлаа, сая төгрөг яав аа

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн жил гарлаа, сая төгрөг яав аа

Эрхэм дарга нар ажил албаа орхиод айраг цагаа эргүүлж, адууны хонгон дээрх тамга уншиж явах зуур нэгэн зүйлийг эрхгүй санагалзав. Нээрэн энэ зуны урт удаан үргэлжилсэн баяр наадмуудын дараа эгэл ардууд “Хүн тэжээснээс унага тэжээсэн нь дээр юм” гэлцэж байна лээ. Наадамд айрагдсан даага 46 сая төгрөг хүрсэн юм байх. Харин их насны морьд, азарга энэ тэр бол 500-800 сая хүрсэн гэж байгаа. Бодууштай л юм.

Сонгуульд олонхи суудал авсан хоёр нам, цаашлаад тэдний байгуулсан УИХ, Засгийн газар иргэд бидэнд 1,5 сая төгрөг бэлнээр, сая төгрөг хувьцаагаар өгнө гэж амласнаас хойш гурав дахь жил нь шувтарч байна. Ирэх 2012 он гараад дахиад өөр амлалтууд үргэлжлэх болно. Тэгээд Монгол Улс ер нь хэдэн иргэнтэй юм бол оо гэж эргэцүүлэхэд хүрлээ. Саяхнаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Ирэх хичээлийн жилд оюутнуудад Хүний хөгжлийн сангаас өгдөг сургалтын төлбөрийн 500 мянгыг үргэлжлүүлэхийг хичээж байна” гэсэн байна лээ. 500 мянган төгрөгийн хоёр жил дамнуулан 21 мянгаар нь тарааж байгаа эрх баригчид үлдсэн сая төгрөгөө ямар ч байсан оюутнуудад өгч дуусгах юм байна.

Ерөнхийлөгч бас хууль батлуулж, төрийн болон хувийн их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудад арьсны өнгө болоод сурлагын чанарыг үл харгалзан сар бүр 70 мянган төгрөг өгөхөөр болсон. Автобусанд суух мөнгийг нь хүртэл төр дааж /оюутны сарын билет 6000 төгрөгийн үнэтэй, түүний 20 хувь буюу 1200 төгрөгийг л оюутан өөрөө гаргадаг/ байгаа. Ингээд бодохоор Улаанбаатарын их дээд сургуулд сурч байгаа 140 мянган оюутан л зөвхөн “эх орны” иргэд, бусад нь биш ч юм шиг. Долоо хоногийн зургаан өдөр ажиллаад, сарын цалингийнхаа 20 хувийг татварт өгдөг мань мэт нь харин харь оронд хараар ажиллаж байгаа “цагаачид” ч юм шиг…

Хүний хөгжлийн бэлнээр олгох 1,5 сая төгрөгийн 500 мянгыг нь энэ жил өгч дуусна. Харин үлдсэн сая төгрөгийн тухайд хэн, хэзээ, хэрхэн авах нь ойлгомжгүй болчихоод байгаа билээ. Иргэн бүрт хүрэх ёстой Хүний хөгжил сангийн 1,5 сая төгрөгийг хэнд хэрхэн өгөх, хаанаас эх үүсвэрийг олох талаар удтал эрэл хайгуул хийсэн Засгийн газар өнгөрөгч намар их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрт 500 мянган төгрөг өгөхөөр болсон билээ. Үлдэгдэл 500 мяныг энэ жилийн төсөвт суулгаж, оюутны сургалтын төлбөрийн 500 мянгыг үргэлжлүүлэн олгохоор ярьж буй бололтой, эрхэм сайдын ярианаас үзвэл. Гэхдээ энэ мөнгийг гаргах эх үүсвэр нь олдсон тохиолдолд л шүү дээ. Харин Монгол Улсын үлдсэн хоёр сар 560 мянган иргэн хэзээ ямар хэлбэрээр “Хүний хөгжлийн” сая төгрөгөө олж авах нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Уг нь өнгөрөгч оны эцэс гэхэд л энэ сая төгрөгийн “учрыг олоод хужрыг тунгаахаар” амлаж байсан Ч.Хүрэлбаатар сайд түүнээс хойшхи жил шахмын хугацаанд энэ асуудлаар амаа үдэж, асуудал босгосон нөхдөөс дөлж зугтсаар өдийг хүрч байгаа юм. Он гарахаас өмнө “Эрүүл мэндийг даатгалыг чинь төлөөд өгөх үү, орон сууцныхаа зээлийг хаах уу, өөрсдөө сонго” хэмээн ам асууж байсан нөхдүүд харин ч нэг хамар даваад хөөгдсөнөө мартдаг үнэг шиг “сүүлээ хоншоор дээрээ тавьчихаад” гэдгэр явна. Харин хийх ёстой ажил, амласан амлалт нь бахь байдгаараа уулын цаана үлдсэн бололтой.

Ингэхэд ирэх жил сонгуулийн жил. Найр наадам, овооны тахилгатай зэрэгцүүлэн ирэх сонгуулийнхаа сурталчилгааг амилуулж яваа эрхэм нөхдүүдийн дотор ард үлдсэн амлалтаа санаж яваа нь хэд юм бол.

Тэгээд ч тэртэй тэргүй ажлаа хийгээд, татвараа ч төлөөд, төрд ч дараагүй, түмэнд ч нүгэлгүй яваа Монголын сая хүрэхгүй иргэн эрүүл мэндийн даатгалаа төрөөр төлүүлэх шаардлагагүй, хөгшин хонины насгүй болсон өвгөн, эмгэн хоёр орон сууцны зээл хүсч банкаар гүйхгүй учраас сурдгаа сураад хийдгээ хийчихсэн, эсвэл сурах цаг нь хараахан болоогүй байгаа үлдсэн хоёр сая 560 мянган иргэний хувьд эрхэм улстөрчдийн яриад байгаа эх орны хишиг “Дашийн шоог” гэдэг рүүгээ яваад байгаа юм биш үү.

Аяганы алаг муухай, агтны алаг хөөрхөн гэж үг бий. “Сая таван зуугаа битгий бэлэн тараагаач ээ, Сайншандынхаа үйлдвэрийг эхлүүлээч” гээд гуйгаад байхад “Ам алдвал барьж болдоггүй юм аа” гээд цэцэрхээд байсан нөхдүүд одоо үлдсэн сая төгрөгнийхөө тооцоог хийх цаг болсон юм биш үү. Гэхдээ бэлнээр…

Баяр наадмын өдрүүдэд бөхийн даваа үнэлэн, морины үнэ цохиж, аймгийн ойд хандив босгосон шигээ бариа зөрүүгүй бэлэн хийхийг шаардаж байна. “Хийвэл бүү ай” гэдэг биз дээ.. 

Б.СЭМҮҮН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж