Өнгөрөгч хавар МАН-ын залуучуудын байгууллага болох “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо”-ны зүгээс “Нийгмийн ардчилал” аяныг улс орон даяар зохион байгуулах болсноо зарласан. Улс төрийн шинжлэх ухаан, болоод улс төрийн бодлоготнуудын хүрээнд “Нийгмийн ардчилал” хэмээх нэр томьёо нь нэлээд шүүмжлэл дагуулдаг ч МАН-ын залуучуудын хувьд ямартай ч Ардчилсан намын залуучуудаас түрүүлж хөдөлсөн нь энэ билээ. Харин энэ удаа Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос ийнхүү улс орны ирээдүйн хөгжил, хувь заяа болоод иргэн бүрт хамаатай ардчилал хэмээх зүйлийн улс төрийн болоод эдийн засгийн хүрээнд хэрхэн үнэлж цэгнэх талаар “Төгс ардчилал” аяныг зохион байгуулахаар болжээ.
“Төгс ардчилал” аян эхэлнэ
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос “Төгс ардчилал” нэртэй аянг удахгүй зохион байгуулах гэнэ. Тус холбооны Ардчилсан намын бодлого, үйл ажилгааг дэмжихийн зэрэгцээ тэдний олж хараагүй нийгмийн эмзэг асуудлуудыг шүүрдэн гаргаж, шийдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд Монголд баян ядуугийн ялгаа илт мэдрэгдэж байгаа үед ардчилал гэсэн утга агуулгыг, нөгөөтэйгүүр ардчиллын үнэт зүйлс, хэм хэмжээг нийгэмд хэвшүүлэхээс цааргалах зорилго бүхий хүмүүс, эдийн засаг улс төрийн бүлэглэлүүд байсаар байна хэмээн үзэж, эдийн засаг, улс төрийн оюун санааны хүрээнд “Төгс ардчилал” аянг зохион байуулахаар болжээ. Энэ шийдвэрийг холбооны удирдах зөвлөлийн хурлаас гаргасан байна.
Н.ДЭЛГЭРЖАРГАЛ