Британийн түүхэнд хамгийн урт хугацаанд хатан хааны сэнтийд заларсан Хатан хаан II Элизабетийн 91 насны төрсөн өдрийн баяр өчигдөр /2017.04.21/ тохиожээ. Эрүүл саруул, энх тунх байгаа Хатан хаан өндөр насыг зооглосон ч олон нийтийн арга хэмжээнд оролцож, албан үүргээ биелүүлсээр байгаа юм.
Хатан хааны төрсөн өдрийн баярыг тохиолдуулан Букингемийн ордноос албан ёсны твиттер хуудсандаа түүхэн тэмдэглэлт өдрүүдийг санагдуулах гэрэл зургуудыг дэлгэжээ. Тэдгээрийн нэг нь Хатан хаан II Элизабетийн эцэг, эхийнхээ гарт тэврүүлсэн нялх үеийн гэрэл зураг юм.
Мөн Хунтайж Чарльз болон гүнгийн ахайтан Камилия нар Хатан хааны сэнтийд заларсан 1952 оны үеийн гэрэл зургийг твиттертээ оруулжээ. Тэр үед хунтайж Чарльз дөнгөж дөрвөн настай байсан гэнэ.
Түүчлэн эзэн хааны гэр бүлийн твиттер дэх The Royal Family хуудсанд Хатан хаан II Элизабетийн өнгөрсөн 65 жилийн хугацаан дахь дэлхийн олон орноор аялсан мөчүүдээс сонгон нийтэлжээ.
Өнгөрсөн жил тохиосон Хатан хааны 90 насны төрсөн өдрөөр гэр бүлийн гишүүдийн ярилцлага бүхий хэд хэдэн баримтат кино, нэвтрүүлэг, олон арван зураг авалт зэрэгтэй харьцуулахад энэ жил түүний төрсөн өдөр тун дарууханболж өнгөрчээ. Гэхдээ Хатан хаан II Элизабетийн мэндэлсэн өдөр дөрөвдүгээр сарын 21-нд тохиодог ч жил бүрийн зургадугаар сарын хоёр дахь пүрэв гаригт баярын парад зохион байгуулж, улс даяар Хатан хааны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай гэнэ.
С.ЦЭЛМЭГ