Зайсангийн аманд бүхэл бүтэн дүүрэг бий болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Зайсангийн аманд бүхэл бүтэн дүүрэг бий болжээ

Зайсангийн өндөрлөг дээр гарахаар сэтгэл уужраад л нэг л сайхан болдогсон.  Амралтын өдрөө  жинхэнэ утгаар нь өнгөрөөх санаатай Зайсанг зорилоо. Ойрд очоогүйг ч хэлэх үү, нэг л өөр болжээ. Хажуу талаас нь ухчихсан болохоор жаахан эвгүй санагдах ч нийслэлийн бас нэгэн өнгө төрх өөрчлөгдөх гэж байгаад тайвшран оройд нь гарахаар алхлаа.

Уг нь “Собт трейд” гэх компани Зайсан нэртэй соёл амралтын хүрээлэн барих зөвшөөрөл авч ажлаа эхэлсэн байгаа. Гэсэн ч хүмүүсийн дунд өөр хардлага байгаа нь Зайсанг өөр зориулалтаар хэн нэгний мэдэлд орчих вий гэх хардлага.  Ямартай ч барьж дуустал нь харж  байхаас өөр аргагүй.

Орой дээр гараад иртэл бас л биш ээ. Хэдхэн жилийн өмнө ирэхэд ХААИС-иас өөр нүдэнд торох барилга байшингүй байсан Зайсангийн аманд одоо бараг ХААИС нь ч харагдахааргүй олон өндөр барилгууд. Зайсангаас наашхийг нь бол хүн бүгд л мэднэ дээ. Хэрүүл ам хийгээд ч нэмэргүй хэдэн зуун хаус, өндөр барилгууд босоод ирснийг харж л байгаа. Харин Зайсан толгойгоос цаашаа тонгойж нэг үзээрэй. Тэнд хотынхны нүдэнд үзэгдэхгүй ч бүхэл бүтэн дүүрэг шиг том хороолол үүссэн байх юм. Янз янзын нэртэй хороолол, зөвхөн баячуудын хүүхдүүд сурдаг америк сургууль, дэлгүүр гээд олон зүйл нь төвхнөсөн хороолол босчээ. Дэлгүүрийнх нь барааны үнэ өртөг ч хотын төвийнхийг бодвол илүү үнэтэй юм. Хүмүүсийн ярих нь “Зайсанд чинь баячууд л амьдардаг юм шүү дээ” гэнэ.

Үнэхээр ч баячууд нь л амьдардаг биз. Төрийн тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөл аваад, барилга барья гээд өргөдлөө бариад жирийн нэгэн иргэн аль ч  Засаг дарга, албан тушаалтантай уулзвал зөвшөөрөхгүй нь л лавтай. Тиймээс ч төрийн тусгай хамгаалалтын бүсэд газрын зөвшөөрөл өгөхгүй гээд гэрээ энэ тэрийг нь цуцлаад байсан цаг саяхан. Харин Зайсангийн Аман дахь энэ том хороолол, хаус, таун хаусуудын зөвшөөрлийг хэн өгөөд байгааг тодруулах гэхэд Нийслэлийн газрын алба ч, БОАЖЯ ч өгдөггүй л гэх юм билээ. Тэгээд хэн өгөөд байгаа юм бол. Хэний ч зөвшөөрөлгүйгээр тав, арван давхар байшин нүдэн дээр нь сүндэрлээд байхад “Би зөвшөөрлийг нь өгөөгүй” гээд л тас гүрийдэг албаныхан лав буруугүй болж таарах нь.

Харин дарга ч бай, цэрэг нь ч зөвшөөрөл өгсөн бай төрийн тусгай хамгаалалттай уулынхаа хажуу энгэрээс нь ухаад, өвөр өлмийд нь барилга байшин ярайлгаад байх нь зөв юм болов уу даа. Баригдсан барилга байшингаас гадна нэмээд өчнөөнийг барьж байх юм. Барилга барих гээд хашаагаа хатгачихсан нь ч цөөнгүй. Ойртож харах гэсэн нэгнийг харуулууд нь гарч ирээд дургүйцсэн нь илэрхий сонжин харна. Хамгаалалт, харуулгүй хашаа гэж нэг ч алга.

Нэгэнт ийм болсон газрыг одоо “Тусгай хамгаалалттай бүс, онгон байгаль” энэ тэр гэж хичнээн хашгираад, халаглаад нэмэргүй болсон бололтой. Харин үүний оронд өөр арга сүвэгчлэх хэрэгтэй биз. Эрх мэдэлтэн нь ч бай, энгийн ард нь ч бай төрийн тусгай хамгаалалттай газар буусан хойно хотын дүүрэгт хог утаан дундаа амьдарч байгаа бусдаасаа илүү ямар нэг хариуцлага хүлээх ёстой байх. Нэгэнт босчихсон бүхэл бүтэн хорооллыг нураах аргагүйгээс хойш арай өөр талаас нь бодоод үзье.

Сүндэрлээд босоод ирсэн энэ олон барилгад хэн газрын зөвшөөрөл өгч, хэн бариулсныг эрх биш тогтоодог газар нь тогтоох биз. Өнөөдөртөө дүүрэг нь “Төрийн тусгай хамгаалалттай бүсэд манайх зөвшөөрөл өгдөггүй” гэж, Нийслэлийн газрын алба нь БОАЖЯ руугаа чихээд, яам нь болохоор “Нийслэл газрын зөвшөөрөл өгсөн” гэлцээд хэдэн бие рүүгээ  шидлээд л байна. Ингэж хамгаалж чадахгүй мөртлөө хамгаалсан нэр зүүж суухын оронд энэ хорооллоо тусгай хамгаалалтаас нь гаргаад, газрынх нь төлбөрийг хэдэн арваар нугалж аваад, байгаль экологийнх шаардлагыг өндөрхөн тавиад мөрдүүлбэл яасан юм. Хурааж авсан мөнгөөрөө бохирдсон Туул, эвдэрсэн газартаа нөхөн сэргээлт хийвэл ямар их нэмэртэй байх бол. Тав, арван давхар байшинг нурааж, хүний өмч хувийн өмч хөрөнгийг сүйдлэн олны хараал идэж байснаас газрынхаа зэрэглэлд таарсан төлбөр, ялгавраа гаргаад нэхэж байсан нь ч илүү үр дүнтэй биз.

Утаагүй Улаанбаатарын төлөө хязгаарлалтын бүсэд байгаа технологийн зуухгүй айлуудыг албадан нүүлгэх шаардлага тавьж байгаа шигээ Зайсангийн амныханд ч гэсэн хамгаалалтын бүсээс хэдэн км-ийн зайд оршиж байгаагаас нь шалтгаалан өндөр татвар ноогдуулж, газрынхаа наймааг далд биш, ил хийдэг болбол наанадаж улс орны сан хөмрөгт, цаанадаж байгаль орчинтойгоо шударгаар харьцаж сурахад хэрэгтэй биш үү.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж