Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ өсч, тонн тутам 300 ам.доллар хүрчээ. Коксжих нүүрс экспортолдог Монголын хувьд баярлам мэдээ. Гэтэл үгүй гэнэ. Дэд бүтэцгүй, нэвтрүүлэх хүчин чадал маш бага, эцсийн хэрэглэгчтэй шууд харилцаж чаддаггүй учраас манай нүүрсийг борлуулдаг зуучлагч нарт тонныг 70 орчим ам.доллараар өгч байгаа юм.
Гэхдээ энэ 70 орчим нь саяхнаас өссөн дүн. Улам өсөн тэлж байгаа Азийн зах зээл рүү бид ашигт малтмалын бүтээгдэхүүнээс гаргах нь тодорхой гэдгийг аль арваад жил ярьсан ч олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүй байгаа нь гашуун үнэн.
Цариг нь өргөн байна, нарийн байна, хятадууд биш Монголын цэрэг барина, чи биш би барина гэсэн хэрүүлийг бүгд мэднэ.
Нэгэнт төмөр замаа барьж чадаагүй бид нүүрсээ шороон замаар урд хил рүү тээвэрлэн хүргэж байгаа. Өдөр, шөнөгүй урд хил рүү цувах хүнд даацын тэргүүд байгаль орчинд ямархуу хор хохирол учруулж байгаа болон зам дагуух малчид, иргэд нутаг орондоо амьдрах аргагүй болсон, нүүрс тээвэрлэж байгаа монгол жолооч нар хятадуудад яажшуухан шулуулж байгаа талаар бас л хангалттай ярилаа, үзлээ. Гэсэн ч байдал хэвээрээ, ямар ч өөрчлөлт, ахиц байхгүй.
Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ навс уналаа.
Түлш, шатахууны хувьд 100 хувь гаднаас хараат байдаг монголчуудын хувьд бас л баярлам мэдээ. Гэтэл бас л үгүй гэнэ. Бид түлш, шатахуунаа зөвхөн оросуудаас авч байгаа бөгөөд үнийг хоёр гурван жилээр тохиролцсон байдаг, тэгээд ч энэ үнэ газрын тос импортлогч болоод экспортлогч оронд л хамаатай болохоос бидэнд хамаагүй гэнэ. Тэгвэл өөрсдөө газрын тосгүй биш боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангачихъя гэсэн чинь бас л ярианаас цааш хэтэрсэнгүй. Жил жилийн сонгуулийн өмнө газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг энд тэнд тавьж, тухайн газар оронд нэр дэвших нэг нь очиж, тууз хайчилдаг дүр зураг зуршил болжээ.
Дэлхийн улс орнууд нэгдэж нийлээд бидний яриад байгаа мега төслийг хэд хэдээр нь хийдэг болсон өнөө үед монголчууд бид л дэлгэсэн тэрлэг дээрээ зэрлэгшин үлдэж байгаа биш үү.
Өмнөх хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпиний 2013 онд Казахстан улсад айлчлахдаа зарлан тунхагласан “Шинэ торгоны зам” төсөл эдүгээ манай орныг тойроод бүс нутгийн ихэнх орныг хамран, ид бүтээн байгуулалт эхлэх нь эхэлж, яригдах нь яригдаж байна. Сүүлийн гурван жилийн жилийн хугацаанд энэ төслийн хүрээнд бүс нутгийн улс орнуудад Хятад улс 50 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн мэдээллийг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо сарын өмнө өгсөн. Энэ төслийн үйл явцыг дүгнэх, дараагийн ажлаа төлөвлөх том чуулга уулзалт ирэх тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотноо болох гэж байна.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдээгээр бүс нутгийн 28 төрийн тэргүүн, Ерөнхий сайд оролцох гэж байна. Монгол Улсаас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно гэсэн мэдээлэл бий.
Энэ том төслийн хүрээнд Евро-Азийн бүс нутагт эдийн засгийн зургаан коридор байгуулах бөгөөд үүний нэг нь Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридор юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Узбекийн Ташкент хотноо энэ коридорын хүрээнд байгуулах 30 орчим төслүүдийг эцэслэн баталж, гурван улсын тэргүүн гарын үсэг зурсан. Харамсалтай нь, энэ хооронд Монгол Улсад парламентын сонгууль явагдаж, чиглэл чиглэлээрээ эдгээр асуудлыг хариуцаж байсан төрийн албан хаагчид солигдсон.
Монголын төрийн энэ дөрвөн жилийн чөтгөрийн тойрог эдийн засгийн асар их хор хохирлыг дагуулж байгааг дотоод, гадаадгүй гаслан ярих боловч засрах аяс харагдахгүй л байна. Нийт масс нь морь малаа дуулж, хөдөөгийн сайхнаа магтаж байх хооронд улс орноо удирддаг хэд нь “Би л бол тэр л биш” гэсэн атгаг сэтгэлийн дэгээг нэг нэгнийхээ хөлд тавьсаар байтал Монгол гэдэг бүс нутагтаа төдийгүй дэлхийд хоцрогдох нь. Улс орон нэр төртэй байхын баталгаа нь эдийн засгийн баталгаа.
Гэтэл эдийн засгийн баталгаагаа сайн дурын дангааршлаар солих хүсэлтэй улстөрчид биднийг удирдахыг харсаар суугаа монголчууд азгүй юу, эсвэл тэнэг үү.