“Сод-Эрдэм” номын аян Хөвсгөлд үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

“Сод-Эрдэм” номын аян Хөвсгөлд үргэлжилнэ

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан манай улсад олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэгвэл “Сод-Эрдэм” аян ирэх тавдугаар сард Хөвсгөл аймаг зохион байгуулагдахаар болжээ. Аяныг Г.Баттогтох, Б.Баясгалан, Д.Индра, Д.Нямдорж нарын залуус санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд “Сод-Эрдэм-III” аянаар Хөвсгөл аймгийн алслагдсан сумын нэг болох Жаргалант сумын дунд сургуулийн номын санг баяжуулахаар болсон байна. Улаанбаатар хотоос 900 орчим км, аймгийн төвөөс 180 км алслагдсан 5241 хүн амтай Жаргалант суманд хүргэх номыг тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 204 тоотод хүлээн авна. Мөн Сод-Эрдэм фэйсбүүк хуудсаас мэдээллийг авах юм байна.

Монгол Улсын томоохон сумдын нэг Жаргалант сумын дунд сургууль нийт 100 гаруй багш, ажилчинтай, 1054 сурагчтай. Сурагчийнхаа тоогоор аймгийнхаа сумын сургуулиас эхний хоёрт жагсдаг тус сургууль номын сангийн баяжуулалт хангалтгүй байгаа юм. Тиймээс “Сод-Эрдэм” номын аянынхан МУИС-ийн Оюутны холбоотой хамтран энэхүү аяныг зохион байгуулж байна.

“Сод-Эрдэм” аян 2016 оны тавдугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ахлах сургуулийн номын сан (тухайн үед номгүй байсан)-г бүрдүүлэх зорилгоор анх эхэлж байжээ. Тухайн үед 14 хоногийн хугацаанд 5000 гаруй ном, сэтгүүл цуглаж, тус сургуулийн номын санд хандавлаж байсан байна. Удаах “Сод-Эрдэм – II” аяныг Сүхбаатар аймгийн Ганга нуур ширгэх аюулд орсонтой холбогдуулан номоор дамжуулж нутгийн иргэдийн эх дэлхийгээ хайрлах үзлийг тэтгэх зорилгоор 2016 оны 10 дугаар сард зарлаж, мөн 4000 гаруй ном, сэтгүүл цуглуулан тус аймгийн Дарьганга сумын дунд сургуулийн номын санд бэлэглэжээ. Энэ удаагийн “Сод-Эрдэм-III” аян Хөвсгөл аймгийн алслагдсан Жаргалант сумын дунд сургуульд хүрэхээр боллоо.

“Сод-Эрдэм” номын аяныг санаачлан зохион байгуулагчид

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж