МАН-ын бүлгийн даргын өрөөний үүдэнд сууна гэв

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн даргын өрөөний үүдэнд сууна гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр/2017.04.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын Тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөх  албан бичгийг өнөөдөр ирүүлсэн байна. Ингэхдээ хаана оруулахаа мэдэгдээгүй аж.

Энэ үйлдлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг эсэргүүцснийх нь төлөө явуулж байгаа алхам гэж тайлбарлалаа.

Тэрбээр хамгийн сүүлд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг эсэргүүцсэн байна. Учир нь хөрөнгө оруулах нэрээр Хятадын банк орж ирж, түүгээр дамжиж, төмөр зам, Тавантолгойн орд зэрэг гол, гол стратегийн ордуудыг барьцаалах эрсдэл үүсэх тул хуулийн төслийг батлах нь аюултай гэж байр сууриа илэрхийлжээ. Харин ийм байр суурь барьсныхаа төлөө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдэд гүтгүүлж, дайрч давшлуулсан гэв.

Мөн тэрбээр “Парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн байгаа, тэднээс нэг нь өрөөгөө суллаад өгч болно. Үгүй бол тэднийхээ нэг өрөөнд нь намайг оруулж болно. Ийм байдалд хүргэсний цаад санаа нь О.Баасанхүү улс төрийн акци биш өрөөний хэрүүл хийдэг гэдэг ойлголт төрүүлэх гэж байна.

Намайг МАН-д орох гэж байна гэдэг яриаг хүртэл гаргаж байна, битгий горьд гэж хэлнэ. Хэрвээ эд нар намайг өрөөнөөс гаргаж байгаа бол коридорт гаръя, гэхдээ би Монголыг өрөнд оруулж байгаатай тэмцэх болно гэсэн юм. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөгөө суллаж, УИХ-ын даргын үүдний коридорт ширээгээ байрлуулжээ. 2017.04.24

-Таны суллаж өг гэсэн өрөө намын бүлгийн дарга нар байх ёстой өрөө юм биш үү. Өмнө нь та УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдохдоо одоогийн өрөөнд орсон. Шинэ парламент бүрдэхэд өрөөгөө хүлээлгэж өгөөгүй?

-Төрийн ордонд тэр сууна, энэ суухгүй гэдэг өрөө байдаггүй. Өрөөндөө жил шахам болох гэж байна. Чуулганы үйл ажиллагаа хэвийн явж байхад ингэж хүндрүүлж байгаа нь таалагдахгүй байна.

-Таныг өмнө нь өрөөгөө суллаж өг гэдэг шаардлага тавьж байсан гэсэн?  

-Бичгээр ганцхан энэ шаардлага л ирсэн. Хэрвээ ийм байдалтай байвал Ардын намын бүлгийн даргын өрөөнийх нь үүдэнд суусан ч болно. Нарийн яривал УИХ-ын даргын өрөө ч гэж байхгүй. Ганц гишүүнийг хэн ч биш болго гээд явуулаад байгаа зүйл шүү дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж