Адал явдалд дурлагсдын зүглэх 11 аюултай газар

Хуучирсан мэдээ: 2017.04.22-нд нийтлэгдсэн

Адал явдалд дурлагсдын зүглэх 11 аюултай газар

Дэлхийн хамгийн аюултай, эр зориг шаардсан аялал жуулчлалын бүсүүдийг танилцуулъя. Хэдийгээр аюултай ч сая сая жуулчид жил бүр эдгээр газрыг зорин очдог.


 

ҮХЛИЙН ХӨНДИЙ /АНУ/

Хэрэв дэлхийг гэрээ гэж бодвол Үхлийн хөндий улайстлаа халсан шарах шүүгээ гэсэн үг. +56.7 хүртэлх хэмийн халалт бүртгэгдсэн энэ газар манай гариг дээрх хамгийн халуун газар. Үхлийн хөндийд хүн усгүйгээр ердөө 14 цаг л амьд байж чадна.


 

ДАНАКИЛИЙН ЦӨЛ /ЭРИТРЕЙ/

Байнгын +50 хэм хүртэл халдаг энэ цөлд идэвхтэй галт уул, хорт хий ялгаруулдаг халуун рашаан цөөнгүй бий. Африкийн Данакилийн цөлөөс илүү харгис хэрцгий газар байхгүй ч гэж ярьдаг. Зарим нь бүр “Дэлхийн там” ч гэж нэрлэдэг гэнэ. Гэвч адал явдалд дурлагсад, эрсдлээс үл эмээгчид жил бүр энэ газрыг зорин очдог. Туршлагатай хөтчийн тусламжгүйгээр энэ бүс нутаг руу явах хориотой байдаг аж.


 

ВАШИНГТОН УУЛ /АНУ/

Вашингтон уулын оргил дэлхий дээрх хамгийн хүчтэй салхитай газар хэмээн бүртгэгджээ. Тогтоогдсон хамгийн дээд салхины хурд 327 км/цаг гэнэ. Гэвч хүчтэй салхинаас өөр асуудал бас бий. -40 хэм давсан хүйтэн, 1,9 метр хүртэл хунгарласан их цастай Вашингтон уулын оргил нь дэлхийн хамгийн аюултай газруудын нэг ажээ.


 

СИНАБУНГ ГАЛТ УУЛ /ИНДОНЕЗ/

Индонезийн Суматра аралд орших идэвхжил өндөртэй галт уул. Ойр ойрхон давтамжтай идэвхжин дэлбэрдэг. 2010, 2013, 2014, 2015 онд дараалан дэлбэрч, ойр хавийн хот сууринг халуун лав, үнс нурмаар бүрхжээ. Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сарын 27-нд дэлбэрсэн Синабунг галт уул маргааш ч идэвхжин дэлбэрч болзошгүй.


 

МОГОЙН АРАЛ /БРАЗИЛ/

Бразилын эргээс зайдуухан орших энэ арлыг хүмүүс дэлхий дээрх хамгийн аюултай газар гэж нэрлэдэг. Шалтгаан нь маш тодорхой. Хамгийн хортой гэгдэх Ботропс могойгоор дүүрсэн энэ аралд нэг кв.метр талбайд таван могой бий гэж судлаачид үздэг. Энэ аралтай холбоотой хорт могойд хазуулж, амиа алдсан гэх эмгэнэлт түүх цөөнгүй бий. Тэдгээрийн нэг нь гэрэлт цамхгийн харуул могойд хазуулж нас барснаас хойш гэрэлт цамхгийн үйл ажиллагааг автоматжуулсан гэх түүх бөгөөд Бразилын засгийн газар Могойн аралд хөл тавихыг бүрмөсөн хоригложээ.


 

МАДИДИ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР /БОЛИВИ/

Байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газар үнэн хэрэгтээ маш аюултай. Яагаад гэж үү? Учир нь Мадиди дархан цаазат газарт хамгийн хортой ургамал, бичил биетүүд байдаг. Энэ газарт ургасан ургамалд шүргэх төдийд л арьс загатнаж, тууралт гарч, толгой эргэж, ухаан алдах аюултай. Бас өчүүхэн төдий ил шарх авахад халуун орны шимэгчид асар түргэн хугацаанд үржиж, халдвар тараадаг гэнэ.


 

КАМЧАТКЫН ҮХЛИЙН ХӨНДИЙ /ОХУ/

Алс Дорнод дахь Камчаткын хойгт мөн Үхлийн хөндий гэж бий. Алдарт Гейзерийн хөндийгээс холгүй орших энэ газарт газрын гүнээс хорт хий оргилон гардаг учир ойр хавьд амьд амьтан, ургамал байхгүй. Үхлийн хөндийд очиход богино хугацаанд бие тавгүйтэж, халуурах, бие зарайх, толгой эргэх зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг байна.


 

БИКИНИ ШҮРЭН АРАЛ /МАРШАЛЫН АРЛУУД/

Диваажингийн орон мэт харагдах энэ арал дээр цөмийн зэвсгийн туршилтууд нэг бус удаа хийж байсан учраас дэлхийн хамгийн өндөр цацраг идэвхит газар болжээ. Цацраг идэвхит бодисын хэмжээ аюултай төвшнөөс ч хол давсан учир хорт хавдраар өвчлөх магадлал маш өндөр гэнэ.


 

ЧОНБУРИ ДАХЬ ЗААНЫ ЭЗЭНТ ГҮРЭН /ТАЙЛАНД/

Тайландын Зааны эзэнт гүрэн гэх газарт матар үржүүлгийн газрын эзэн нь аймшигт матарнуудыг ойроос харж, хооллох боломжийг жуулчдад олгодог. Энд хүмүүс бярвааз маягийн модон тавцан дээр зогсоод загасны уургаар матар хооллож болно.


 

АФАРЫН ХОТГОР /ЭТИОП/

Эндхийн Эрта-Але галт уул нь дэлхийн хамгийн аюултай галт уулуудын нэг юм. Багахан хэмжээний газар хөдлөлт байнга шахам болж, өөр ойр хавийн газарт гүн гүнзгий газрын цууралтууд бий болдог.


 

НАТРОН НУУР /ТАНЗАНИ/

Харь гариг мэт харагдах энэ нуурын ус их хэмжээний шүлтлэг давс агуулдаг учир ийм улаан өнгөтэй харагддаг ажээ. Гэвч нуурын усанд хүрэх төдийд үхэх аюултай учир нуурын усанд сэлэхийг хатуу хориглодог. Бас нуурын усны хүчтэй үнэр тийм ч тааламжтай биш учир дэргэд нь удаан зогсож тэсэшгүй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж