800 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

800 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

“Зам засвар,  шинэчлэлийн ажлыг чанартай хийж гүйцэтгэхийн тулд сайн тоног төхөөрөмж, ажиллах хүчин чухал” гэж замчид ярьж байсан. Нийслэлийн өмчит Улаанбаатар зам, засвар арчлалт компани /УБЗЗА/-д өчигдөр долоон шинэ тоног төхөөрөмжийг хотын ерөнхий менежер Ч.Бат гардууллаа. Тоног төхөөрөмжийг гардуулж үг хэлэхдээ тэрээр “Нийслэлийн өмчит тус компани нь замын тэмдэглэгээ, арчлалтыг хийдэг ганц компани. Ямар ч үед бэлэн байдаг тус компанид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн шинэ машин, тоног төхөөрөмжтэй болж байгаад баяртай байна. Цаашид илүү чанартай бүтээгдэхүүн гарна гэдэгт итгэлтэй байна. Ганц байдаг болохоор сайн ажилладаг, сайн ажиллах байх” гэсэн магтаалын үгээр замчдыг мялаасан.

Нийслэлийн Засаг Даргын 2000 оны тавдугаар сарын 01-ний өдрийн захирамжаар “Улаанбаатар зам засвар” компани, авто зам барилгын “Улаанбаатар” компани, “Дохио” үйлдвэрийн газрыг нэгтгэн “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТ”  нийслэлийн өмчит компани болгон шинэчлэн байгуулсан түүхтэй. Тус компани нь одоо асфальт бетонын үйлдвэр, тэмдэг, тэмдэглэгээний үйлдвэр, зам засварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Асфальт бетоны үйлдвэр нь ХУД-т байрладаг. Цагт 30 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компанийн дэргэдэх Асфольт бетоны үйлдвэр нь Улаанбаатар хотын авто замыг сайжруулах төслийн хүрээнд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2002 онд байгуулагдсан ба энэ ажлын хүрээнд NAGOTO-600 маркийн нэг цагт 30тн авто замын асфольт үйлдвэрлэх хүчин чадалтай иж бүрэн, хагас автомат шугамыг суурилуулан хүлээлгэж өгсөн байна.

Үйлдвэрлэгч компа­ниас тогтоосон хүчин чад­лаар тооцвол ажлын найман цагт 240 тн, сард дунджаар 7000 тн гаруй асфольт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч, авто замын асфольт бетон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь улирлын чанартай бөгөөд газрын хөрс нь нэмэх 13 хэмээс доош байх нөхцөлд асфольт бетон дэвсэхийг хориглосон стандарт, техни­кийн шаардлага ма­най улсад үйлчилдэг. Мөн тухайн газрын хөрс нь нойтон чийгтэй нөх­цөлд асфольт бетон хучилтын ажлын технологи зөрчигддөг зэрэг шалтгаанаар тус үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтын үзүүлэлт буурдаг байна.

 Индүү, ачааны машин, замын тэмдэглэгээ тавих машин зэрэг долоон орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. УБЗЗАК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ “Манай компани нь нийслэлийн өмчит бөгөөд энэ жил нийслэлийн төсвөөс 800 сая төгрөг төсөвлөснөөр шинэ тоног төхөөрөмж ашиглалтад өгч байгаа юм байна. Эдгээр тоног төхөөрөмжийг Хятадын хөрөнгө оруулалттай “САТАС” ХХК нь нийлүүлж байгаа бөгөөд орчин үеийн шинэ технологийг ашигласнаар өмнө нь замын тэмдэглэгээг гараар тавьдаг байсан бол одоо зориулалтын машинаар тавих болж байгаа юм” гэлээ. Тус компани нь хамгийн сүүлд Олимпийн гудамжийг Сүхбаатарны талбайгаар холбон дөрвөн замын уулзварыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.

Ш.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж