JCI Монгол байгууллагаас суралцаж, хөгжиж чаддаг

Хуучирсан мэдээ: 2017.04.23-нд нийтлэгдсэн

JCI Монгол байгууллагаас суралцаж, хөгжиж чаддаг

-JCI Монгол байгууллага бол Суралцагч байгууллага мөн, тэд байнга суралцдаг бас хөгждөг-

Өнгөрсөн онд Монгол Улс Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион байгуулж, дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан билээ. Тэгвэл энэ онд Улаанбаатар хотноо дэлхийн залуучуудын чуулга уулзалт болох гэж байна. Тодруулбал ирэх зургадугаар сарын 8-11-ний өдрүүдэд JCI ASPAC буюу Жэй Си Ай, Ази –Номхон далайн бүсийн чуулган болох юм. Энэхүү чуулганд 40 гаруй улсын 3000 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцоно. JCI ASPAC Улаанбаатар хотноо болох болсонтой холбогдуулан JCI Монгол байгууллагын 2017 оны Үндэсний Ерөнхийлөгч П.Батхишигтэй ярилцлаа. Тэрээр залуучуудад хандан “стратегитай бай, байнга суралц, хамтар” гэсэн гурван  үгийг хэлэх дуртай нэгэн.

-JCI Монгол байгууллага жил бүр Үндэсний Ерөнхийлөгчийнхөө нэрэмжит Академийг хийдэг. Энэ үйл ажиллагаа энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдлаа. 15 жилийн турш суралцсан зүйл юу байв? Эндээс яриагаа эхлэе?

– Тиймээ энэ сайхан арга хэмжээ уламжлал болсон бөгөөд эхэн үедээ манлайлах чадвар, бусдын туршлага судлах чиглэлтэй байсан бол хөгжлийн дунд үед төслийн удирдлага, идэвхитэй иргэний нийгэмд гүйцэтгэх үүрэг тал руу байсан. Харин өдгөө бид бүхэн дэлхийн шилдэг сургууль, шилдэг сургагч багш нарыг өөрсдийн хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцүүлэн захиалдаг болоод байна.

-Саяхан зохион байгуулагдсан JCI Монгол байгууллагын Академийн онцлог нь юу вэ, өмнөх жилүүдээс юугаар ялгаатай байв?

– Энэ удаад бид Европын орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бизнест ажилласан туршлагатай басхүү JCI Germany хамтран ажилладаг багийг авч үзлээ. Шинжлэх ухаан бизнесийн практикийг хослуулахыг хичээсэн байгаа.

-Сүүлийн жилүүдэд гаднаас багш нараа урьдаг болсон байна. Багш нараа яаж сонгодог юм бэ?

– Эхэн үедээ дотоодын сургагч багш нар, сургалтын төвүүдтэй нягт хамтран ажилладаг байсан. Харин хөгжлийн чигээ дагаад сүүлийн жилүүдэд гадаадаас багш нараа авчирч байна. Нөгөө талаас академи зохион байгуулах JCI Монгол байгууллагын салбарын өнгө төрх бодлоготой нягт уялдах ба тэр ч утгаараа жил бүр өөр өөр сэдвийн дор хийхийг хичээдэг.

-JCI Монгол байгууллага гишүүддээ өгөөжтэй сургалтуудыг Академи гэлтгүй сар бүр явуулж байгаа харагддаг. Cуралцах арга барилд татагдан уг байгууллагад гишүүд ордог гэж сонссон?

-Хүн бүр суралцагч байхгүй бол хөгжлөөс хоцроод зогсохгүй хөгжлийг хойш татагч болно. Дэлхий нийтийн хөгжлийн хурд, чиглэл гүйцэгдэхгүй байгааг бид мэдэж байгаа. Тийм ч учраас залуус JCI Монгол байгууллагыг зорьж ирж байгаа болов уу.

-Сүүлийн үед болсон онцлог сургалтуудыг сонсмоор байна?

-Advanced training for trainers гэж болсон. Sharing is caring гэдэг шиг бид өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаараад зогсохгүй бусдыг хөгжүүлэхэд ч хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Насанд хүрэгчдийн сурах нөхцөл, сургалтын агуулга, багшид тавигдах шаардлага маш өөр байдаг учраас энэ тал дээр бид мэргэшсэн сургагч багшийг Энэтхэг улсаас урьж, сургалт зохион байгуулсан. Сургалт маш үр дүнтэй болсныг тэмдэглэхийн зэрэгцээ Азийн бүсийн чуулганы үеэр таван сургагч багш бүс нутгийн залуучуудад сургалт хийхээр бэлтгэгдэж байна.

-JCI байгууллага манлайлал болон сургагч багшийн үндсэн кариертэй гэж танай өмнө нь болсон нэг сургалтад сууж байхдаа сонсож байсан. Тэгэхээр суралцаад зогсохгүй бас залуу хүний кариэр төлөвлөлт болж, зорилготой, идэвхитэй амьдрах утга учир байдаг бололтой. Үүнд та хариулт өгөхгүй юу?

– Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйл олон байгаа ч идэвхитэй иргэний хувьд бид эхлээд өөрийгөө хөгжүүлэх цаашлаад нийгмийн ажилд оролцох зорилготой байдаг. 40 нас хүртэл гишүүн байхдаа үеийн залуустайгаа хамтран сурч хөдөлмөрлөж хүчтэй иргэн болж төлөвшдөг гэж үздэг. Тиймээс манай залуус сургагч багш болох, JCI байгууллагад алба хашиж өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг.

-Та хэдэн онд JCI байгууллагын гишүүн болсон бэ? Энэ хугацаанд таны олсон амжилтыг сонирхмоор байна?

 – Би 2009 онд JCI байгууллагын гишүүн болж байсан. Завгүй их ажлын хажуугаар сайн дурын ажилд идэвхитэй оролцсоор байгаад суралцаж байна.

-JCI Монголын гишүүдэд жил бүр нэгэн хүлээлт үүсдэг шиг санагдлаа. Дараа жилийн Академи ямар сургалттай байх бол. Сургалтаар дамжуулан нөхөрлөлийг бий болгодог учраас гишүүд илүү их идэвхтэй хамрагддаг гэж байсан?

-Сургалтууд үргэлж шинэлэг байж чаддаг. Мөн зохион байгуулалтын хувьд өндөр ач холбогдлыг өгдөг. Магадгүй энэ хэлбэр нь олон гишүүдийг оролцуулахад нөлөөгөө өгсөн байх. Товчхондоо сургалт гэдэг жинхэнэ утгаараа JCI байгууллагад болдог гэж боддог. Компанийн шугамаар олон сургалт авдаг ч энэ байгууллагын сургалтууд арай өөр байдаг. Сургалт бол лектор хүний ажлаас маш өөр гэдгийг мэдэрнэ.

30 ХҮРТЛЭЭ ХЭН Ч БАЙЖ БОЛНО. ХАРИН ТА 35 ХҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХЭН НЭГЭН БОЛ ТЭРНЭЭС ХОЙШ ТЭР ДҮРЭЭРЭЭ ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ. ТИЙМЭЭС СТРАТЕГИТАЙ БАЙ, БАЙНГА СУРАЛЦ, ХАМТАР.

-Саяхан болж өнгөрсөн Академиар та Академиа эхлүүлж “Бизнесийн стратегид миний хэлэх 3 үг” сэдвээр лекц, ярилцлага хийж байсан. Тэр их сонирхолтой санагдсан. Та бизнес эрхлэгч залууст зориулж ямар зөвлөгөө өгөх вэ?

– 30 хүртлээ хэн ч байж болно. Харин та 35 хүрэхээсээ өмнө хэн нэгэн бол тэрнээс хойш тэр дүрээрээ таны ажил амьдрал үргэлжилнэ. Тиймээс стратегитай бай, байнга суралц, хамтар.

-Гишүүддээ хөгжих бодит боломж олгодог байгуулага бол яах аргагүй JCI байгууллага санагддаг. Академид байнга оролцох боломж байх уу, гаднаас гишүүн биш залуус суух боломж байдаг уу?

– Болно.

-JCI ASPAC ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү чуулганы бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ? Мөн чуулганы үр дүн юу байх вэ?

– Бид бэлтгэл ажлыг жилийн өмнөөс эхэлсэн учраас бэлтгэл сайн байгаа. Чуулганд 40 гаруй улсын 3000 орчим залуучууд оролцоно. Чуулганы зочид, төлөөлөгчид МИАТ-т нислэгийн захиалгаа өгсөн байгаа. Тэд 42 буудалд буухаар төлөвлөгдсөн. Үүнээс гадна ресторан, дэлгүүр орох, түүхэн газруудаар аялах гээд томоохон хөрөнгө оруулалт Улаанбаатарт үлдэнэ. Багаар бодоход 8-10 сая ам.долларын эдийн засгийн эргэлт манай бизнесийнхэнд очно. Нэмж хэлэхэд улсаас нэг төгрөг ч гарахгүй. 

-Залуучуудад хандан юу гэж урилах вэ?

-Идэвхитэй иргэн байцгаая! Инээмсэглэ, эерэг сэтгэлгээтэй бай.

Ярилцсан Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж