Төрийн ордны түүх болоод өв

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Төрийн ордны түүх болоод өв

Монголчууд “Төрийн сүлд өршөө” гэж сүсэглэдэг дорнын гүн сэтгэлгээтэй ард түмэн. Төр түшсэн зарим эрхмийн буруутай үйлдлээс болж төрийн нэр хүнд сэвтдэг ч жирийн иргэдийн сэтгэлд хувь түшээдийг бус төрөө дээдэлдэг их хүндлэл хэвээрээ орш­дог. Түүнийг Төрийн ордонд танилцах аялал хийхээр ирдэг зочдоос харж болно. Төрийн ордонд зөвхөн Ерөнхий­лөгч, Засгийн газар, УИХ ажилладаг төдийгүй үнэт үзмэрийн хэмжээний асар их түүх, бэлгэдэл агуулсан уран зураг, туурган хивс, эд агуурс байдгийг танилцах аяллаас олж мэдэж болно. Өдөрт гадаад, дотоодын хэдэн арван зочид, гийчид энэ бүхнийг үзэж сонирх­дог. Ингээд ордны нарийн нан­диныг олж сонсохоор Төрийн ордонд зочилсон олон төлөөлөгчдийн нэг хэсэг болох Намын дээд сургуулийг 30 жилийн тэртээ төгссөн ахмадуудтай ганзага нийллээ. Тэд хагас жарны дараах уулзалтын хөтөлбөртөө Төрийн ордон­той танилцах аяллыг багтаасан нь энэ.

Эхлээд Төрийн ордны барилгын үүх түүхтэй танилцав. Барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьж, дотоодын 300 барилгачин, орос, хятад, японы дайнд олзлогдсон цэрэг болох 500 хоригдол, хөлсний 400 хүн ордон босгох их ажлыг нугалжээ. Ордны барилгын зураг, баримал чимэг­лэ­лийг жанжин Сүхбаатарын хөшөөг урласан уран барималчин Б.Чоймбол хийж,хожим Төрийн шагнал хүртжээ. Төрийн ордон 1951 онд бүрэн ашиглал­тад орсон байна.  Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 м, 491 албан өрөө тасалгаа, 932 цонхтой. Төрийн ордны цогцолборын нэг хэсэг болж байгаад 2005 онд буулгасан бунхант индрийг 1954 онд барьж, ордны өргөт­гөл, их засварыг 1957, 1981, 2006 онд хийж гүйцэтгэжээ. 

Төрийн ордны гуравдугаар давх­рын төв хэсгийн өмнөд ханыг туушид нь эзэлсэн “Хан төрийн долоон эрдэнэ” хэмээх зураг бий. Ордонд буй ховор нандин бүтээлүүдийн нэг болох 18 м урт, 1,5 м өргөнтэй энэхүү зургийг зураач Н.Лхагвасүрэн монгол зургийн аргаар зуржээ. Уг бүтээлд нүүдэлчин ахуйтай монголчуудын нэгэн өдрийн 108 үйл явдлыг Хан төрийн долоон эрдэнээр тойруулан харуулсан бай­даг. Бүтээлд 999 хүнийг дүрслэн харуулс­наас 64 нь бөх, мөн 551 мал, 13 гэр, есөн нохойг багтаажээ. Зураач  999 хүний дүрийг бүтээхдээ 1996-2000 оны хооронд ажиллаж байсан УИХ, Засгийн газрын гишүүд, олны танил бизнесмэнүүд, бөх, урлагийнхан зэрэг бодит  хүмүүсийн дүрийг уран сайхны аргаар оруулсан гэдэг. Тухайлбал, Гандан­тэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц эрх эргүүлэн маани тоолж суухад улсын начин Б.Оргилболд даншигт зодоглон засуулаа түшээд зогсч байна. Х.Баянмөнх аварга наадамд түрүүлэн дэвж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди мөн л нэг санваартны дүрээр олбогт заларсан харагдана.

Яруу найрагч, УИХ-ын гишүүн асан Б.Лхагвасүрэн мод тулан бадарчилж ойролцоох айл руу алхаж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл /Энэ зургийг бүтээх үед тэр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байв/ өөр нэг бүсгүйтэй эсгий хийж сууна. Тэр үед Ц.Оюунгэрэл тахим шүргэсэн урт гэзэгтэй байсан нь зурагт дүрслэгдэн үлджээ. УИХ-ын гишүүн асан, БНН-ын дарга, бизнесмэн Б.Жаргалсайхан ноён хүний дүрд хувилж, баахан хүн цуглуулчихсан айлдвар айлдаж сууна. Эмээлтэй мориныхоо цулбуурыг тахимандаа хавчуулан бохирч суусан “Буян” Жагаа хоёр ямаа оосорлоод хөтөлчихжээ. Бодвол тэр цугласан хүмүүс ноолуурын үйлдвэртэй боло­хоор нь Жагаа ноёнд ямаагаар өргөл барьсан юм байлгүй. Энэ мэт олны танил цөөнгүй эрхмийн дүр эл зурагт мөнхөрсөн байна.

“Хан төрийн долоон эрдэнэ” нь эртний Жагарын орны Загарвардийн хаанаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд Монголд Олноо өргөгдсөний анхдугаар он буюу 1911 онд Богд хааныг хаан ширээнд залах үед цогцоор нь бүтээн өгч байсан түүхтэй ажээ. Хүрд эрдэнээр төрийн бодлого тасралтгүй хэрэгжиж  байх ёстой гэсэн утгыг, чандмань эр­дэнэ нь ус чандмань эрдэнэ гэдэг утгыг илэрхийлснээс гадна төрийн бодлого усны ундрага шиг байнга шинэчлэгдэн боловсронгуй болж байхыг бэлгэдсэн байна. Хэдийгээр төр төмөр нүүртэй ч төрийн бодлогод бүсгүй хүний энэрэнгүй чанар байх ёстой гэдгийг Хатан эрдэнээр төлөөлүүлжээ. Төрийн гол эрдэнэ нь түшмэл бөгөөд сайн түшмэлгүйгээр төрийн бодлого хэрэгжих боломжгүй гэдэг. Иймээс зурагт хаанаас нь ч тоолсон гол төвд  нь байхаар Түшмэл эрдэнийг дүрсэлжээ. Төрийн бодлого урт настай залгамж шинж чанартай байхыг Заан эрдэнэ бэлгэдсэн байна. Төрийн бодлого ард түмэндээ хурдан хүрдэг, хэрэгждэг байхын бэлгэдэл нь Морин эрдэнэ. Төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баатар, цэрэг эрс хамгаалдаг гэсэн утгыг Баатар эрдэнэ илэрхийлдэг. 

Ингээд аялагчид УИХ-ын чулганы хуралдааны танхимыг үзэхээр цааш хө­дөлцгөөв. Энэ танхимыг 1957 онд ки­но үзмэрийн зориулалтаар байгуул­жээ. Хожим улсын их баяр наадам, тэмдэглэлт үйл явдлын үед цайллага, дайллагын танхимын зориулалтаар ашиг­ладаг байгаад 1990 онд өөрчилж, хурал­дааны танхим болгон  засварлах уран сайхны ажлын эх загварыг зураач, архитекторч Д.Батдорж гүйцэтгэсэн байна.

Чуулганы хуралдааны хойморт төрийн гурван өндөрлөгийн сэнтий байх бөгөөд Ерөнхийлөгчийн сэнтий чүнчигноров, УИХ-ын даргынх хаш, Ерөнхий сайдынх чулуужсан мо­дон чимэглэлтэй.  Танхимын арын тү­мэн наст хээ, сүлдийг Гар урлалын үйлд­вэрийн хамт олон хийж, дотор тавилга болох угалз, сийлбэртэй ширээ, сандлыг Д.Батдорж, Д.Наранжав, Н.Сандагсүрэн нарын урчууд урлажээ. УИХ-ын чуулганы хуралдааны танхи­мын засвар, өргөтгөлийн ажлыг 2006 онд хийж Лаосын парламентаас 2002 онд бэлэглэсэн  сийлбэртэй улаан модон  тавилгаар тохижуулсан юм. “Гишүүд тансаг танхимд суудаг юм байна” гэж аялалд оролцогсод хэлж байлаа.

Тэндээсээ Төрийн есөн хөлт цагаан туганд очицгоов. Хүндэтгэлийн энэ тугийг 1994 онд сэргэн бүтээхдээ 21 аймаг, нийслэлийн шилмэл адуун сүр­гээс сонгосон цагаан зүсмийн азар­ганы дэл, сүүлээс дээжлэн авч урлажээ. Тугны сууринд нийслэл, 21 аймгийн хөрсний дээжийг хийж, оройн жийжүүдсэн гилбэрээр өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн нэгдлийг бэлгэджээ. Гилбэрийн дүрэлзэж буй галын дүрс нь Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл. Есөн хөлт их цагаан туганд зочид мөргөн залбирч гүнээ хүндэтгэцгээж байв.

Дараагийн “өртөө” нь “Манай эх орон” хэмээх туурган хивс байлаа. Ордны  Их танхимын хойд хананд дэлгэн байрлуулсан уг хивсний урт 20 метр, өргөн дөрвөн метр юм. Хивсний зураг, дизайныг ардын зураач Б.Гомбосүрэн гаргаж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнпилийн удирдлагаар гар урлалын үйлдвэрийн 20 хивсчин 1980-д оны эхээр хоёр сар гаруй хугацаанд урлан нэхсэн байна. Үүнээс гадна Ардын Их Хурлын танхим, Төрийн хүндэтгэлийн эрдэнэсийн шигт­гээт өргөө гэр, Чингис хааны хөшөө цогцолбор, уран зургууд, үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хөрөг, Чингис хааны цээж баримал, түүх, байгалийн сэдэвт уран зургууд, Парламентын түүхийн музей гээд яваад барагдашгүй их үзмэр, соёлын өв Төрийн ордонд хамаарч байна.

Цаг шахмын аяллын дараа зочид есөн хөлт их цагаан тугийн дэргэд зургаа татуулж төрийн сүлдэндээ мөр­гөн сүсэглээд гарч явцгаалаа. Тааваараа явбал хагас өдрийг ордны үзмэрт өлхөн зориулахаар ажээ. 

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж