Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлыг “News” агентлаг тоймлон хүргэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан улс төрийн үйл явдал өрнүүн долоо хоног өнгөрлөө.
НӨХӨРЛӨЛҮҮД ОЛОЛТ АМЖИЛТАА ДҮГНЭВ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Ерөнхий сайдын ивээл дор байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган болж, өндөрлөлөө.
Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумаас ирсэн 800 гаруй байгаль хамгаалагчид оролцож, өөрсдийн өмнө тулгамддаг бэрхшээл хийгээд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтуудынхаа талаар төрийн өндөрлөгүүдэд хүргэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тодотгосноор байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах санал санаачилгыг Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хөгжлийн Агентлагийн техникийн туслалцаатай Хан Хэнтийн болон Өмнөд говийн улсын тусгай хамгаалалттай газруудын орчны бүсийн сумдад эхлүүлж байжээ. 1999 онд анхны байгаль хамгаалах нөхөрлөл Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан бол өнөөдөр нөхөрлөлийн үйл ажиллагаа өргөжин тэлж Монгол орны тал хээр, ойн экосистем, зэрлэг амьтан хамгаалах ариун үйлсэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байна.
Зөвхөн ойн салбарыг авч үзэхэд улсын бүртгэлтэй 1,629 нөхөрлөл 3 сая гаруй га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан хамгаалж байгаа аж.
Нөхөрлөлүүд байгаль хамгаалах үйлсэд нэгдэн ажилласнаар хулгайн мод бэлтгэл зогссон бол ойн түймэр 50 хүртэл хувиар буурчээ. Энэ бол нөхөрлөлүүд байгаль хамгаалах үйлсэд ямар их ажил нугалж, үр дүнд хүрч байгаагийн жишээ юм.
Чуулганд оролцогчид энэ үеэр мөн тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, хууль эрх зүйн хүрээнд зарим асуудлыг тусгахаар болж, чуулганаа өндөрлүүллээ.
ЗГ-ЫН САЙД КОНЦЕССЫН ГЭРЭЭ АВСАН УУ?
Засгийн газар танхимын сайддаа концессын гэрээ өгсөн үү гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн хамгийн “халуун” сэдэв байв. Энэ асуудлаар УИХ дахь олонхийн бүлэг хаалттай хуралдсан боловч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бүлгийн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн асуудлыг нийтэд ил болгосноор шуугиан тарив. Тухайлбал, өнгөрсөн парламентын үед Засгийн газар “Цагаан суваргын” ордыг “МАК” компанид олгосон, энэ удаад тус орд руу татах эрчим хүчний ажлыг ч мөн Засгийн газраас хийлгэж гэж байна гэдгийг Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Засгийн газрын концессын гэрээг шалгах ажлын хэсэг УИХ дээр байгуулагдан, ажиллаж эхэллээ.
Гэхдээ сайд Н.Номтойбаярын хэлж буйгаар эрчим хүчний сүлжээний тодорхой хэсгийг төр эзэмших хуультай, түүнтэй уялдаж тодорхой хувийн хөрөнгө гаргах шаардлагатай болсон гэдэг тайлбар хийгээд байгаа.
Иймээс Засгийн газар хуулиа барьж, дээрх шийдвэр гаргасныг Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуулиар тодорч гарч ирэхийн тулд Засгийн газраа балбав уу, эсвэл үнэхээр хууль зөрчөөд байсан учраас хаалттай хуралдааныхаа хэрүүлийг ил болгон, үзэлцэв үү гэдгийг ажлын хэсгийн шалгалт хагалах боллоо.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА
Монголын эдийн засагт нөлөөлөхүйц нэгэн үйл явдал “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” хурал байлаа. Энэ хуралд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид цугларч, санал бодлоо илэрхийлсэн юм. Нэг нам олонх болсон Засгийн газар нь тогтвортой байна гэдгийг эрх баригчид гадныханд сануулж байгаа боловч хөрөнгө оруулагчдын итгэл дөнгөж л сэргэж байна гэдгийг хэлэх хүн байсан юм. Тэд Монголд аль салбарт хөрөнгө оруулахад бэлэн байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг татахад Монголын хулуь эрх зүйн орчин тогтвортой байх хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. Хөрөнгө оруулалтын татахад төрийн бодлого шийдвэрүүд сөргөөр нөлөөлж байгааг оролцогчид хэлээд "Эрдэнэтийн 49 хувийг Монголын төр дээрэмдэж авсан нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна. Бодлого нь тодорхойгүй, төр нь хүнд сурталтай, парламент нь "дээрэмчин" төрд хөрөнгө оруулах сонирхол гадныханд алга" гэдгийг ч Б.Лхагважаваас эхлээд сануулах хүн олон байсан. Ийнхүү хувийн хэвшлийнхэн хөрөнгө татахаар чуулж байна. Харин төр нь хувийн өмчид дахиад бүдүүлгээр халдах вий гэсэн айдас хөрөнгө оруулагчдад ч, бизнес эрхлэгчдэд ч байсаар байна.
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, ШИМТГЭЛИЙГ ТЭГЛЭНЭ
Засгийн газрын дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх асуудлыг хэлэлцэв. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр санаачилжээ.
Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.
ГУРВАН ХҮҮХДИЙН АМЬ АВАРСАН У.БАЯРТОГТОХЫГ ШАГНАВ
Хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр 18.00 цагийн орчимд Цахир сумын Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа усанд живэх аюулд өртсөн гурван хүүхдийн алтан амийг аварсан юм. Түүнийг эргүүлд гарсан өдөр гол дээр хүүхэд зогсч байгаа нь харагдсан байна. Дөхөөд очтол нэг хүүхэд нь мөсөн дээр зогсчихсон, нөгөө хоёр нь мөсөн дээр хэвтчихсэн байжээ. Тэднийг чангаар дуудсан ч хариу өгөөгүй учраас эрсдэлд орсныг таамаглаж, ус туулж очоод Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт хүүхдүүдийг өргөн машиндаа оруулсан байна. Мөсөн дээр зогсч байсан хүүхэд ухаантай байсан ч хүний асуултанд хариулах, орчноо мэдрэх чадваргүй, хөлдсөн байдалтай байжээ. Харин мөсөн дээр хэвтэж байсан хүүхдүүд тухайн үед ухаан алдаж, амнаас нь цагаан хөөс гарсан байж. Цахир сумын эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авснаар гурван хүүхдийн биеийн байдал сайжирчээ. Нутгийн иргэд болоод хүүхдүүдийн эцэг эх, ах дүү, хамаатан садан, цагдаагийн байгууллагын зүгээс гурван хүүхдийн амийг усанд үйх аюулаас аварсан хэсгийн төлөөлөгч У.Баяртогтоход талархал илэрхийлсээр байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнажээ.
ТЭР 55 НАС ХҮРЭХ БАЙЛАА…
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Төр нийгмийн зүтгэлтэн талийгаач С.Зоригийн төрсөн өдөр тохиов. Түүний төрсөн өдрийг гэр бүл, “Зориг сан” болон түүний дотны найз нөхөд нь эргэн дурсч, хөшөөнд нь цэцэг өргөв. Мөн. С.Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний музей, С.Зориг сантай хамтран талийгаачийн эдэлж, хэрэглэж байсан болон ардчиллын төлөө зүтгэж явсан, Ардын их хурлын гишүүн байсан үеийн дурсамж бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн юм.