Германчууд ажлаасаа таашаал авахаа болив

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Германчууд ажлаасаа таашаал авахаа болив

Германчууд ажлаасаа таашаал авах нь буурч, харин ажлын нөхцөлдөө дургүй хүмүүсийн тоо өсч байгаа тухай Дуйсбург-Эссенийх сургуулийн дэр­­гэдэх  Хөдөлмөр, зэрэглэлийн институтын (IA­Q) су­­дал­­гаа гарсныг DPA агентлаг дамжуулж байна.

Дургүйцэл төрөх үндсэн шалтгаан нь ажлын ачаалал, цалингийн сулхан нэмэгдэл, ирээдүйн төлөө гудамжинд хаягдахаас айх айдас зэргээс үүдэлтэй сэтгэл санааны дарамт болсон байна. Үүний зэрэгцээ ажил гэр хоёрыг зохицуулах гэсэнтэй холбоотой ээдрээ нь бас германчуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж буй аж. Судлаачид 1984-2009 онд хийсэн олон нийтийн санал асуулгад дүгнэлт хийсэн юм. Эдгээр асуулгад жил бүр 11 мянган гэрийн аж ахуй хамаарагдсан байжээ. Асуулгад оролцсон хүмүүсээс ажилдаа хэрхэн ханддаг тухай асуултад 1-10 оноогоор үнэлсэн хариу авсан байлаа.

Хэрэв 1984 онд дундаж үнэлгээ нь 7,6 байсан бол 2009 онд тэр нь 6,8 оноо болон буурчээ. Ажилдаа маш дургүй бол нэг оноо, дуртай бол 10 оноогоор үнэлэх ёстой байсан юм. Ажилдаа дургүй болж байгаа хүмүүс гол төлөв 50 наснаас дээш ахмадууд байна.

Өнгөрсөн хорин жилийн дотор Зүүн ба Баруун Германы гэх ялгаа бараг арилсан байна. Өмнө нь Зүүн Германы ажилтнууд ажилдаа хамгийн их дургүйцлийг гаргаж байжээ. Судлаачдын тогтоос­ноор ажилд сайн хандах нь боловсролоос хамаарч байна. Илүү сайн боловсролтой хүмүүс ажилдаа муугүй ханддаг нь эндээс ажиглагджээ. Мөн энэ үзүү­лэлт  компанийн хэмжээнээс хамаатай болж таарав. Хоёр мянгаас доош ажилтантай компа­нийн­хан том компанийнхнаас илүү сэтгэл өөдрөг байжээ. Германчууд бусад орнуудын хүмүүсээс илүүтэйгээр ажлын талаар гомдол гаргадаг гэнэ. Евро комиссийн Social Survey албаны 2006 оны судалгаанаас харахад түүнд хамрагдсан 22 орноос Герман 18-д нь бичигдсэн байлаа. Словак, Украин, Болгар, Орос л Германы дараа орсон байжээ. Дани, Швейцарийнхан бүхнээс илүүтэйгээр ажлаасаа таашаал авч чаддаг гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж