-Салбарын сайдын 2005 оны 163 тоот тушаалаар “Бага, дунд боловсролын тухай” хуулийн зүйл, заалтыг үндэслэн нийт суралцагчдыг сургуулийн орчин дахь гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалсан ялгаатай байдлыг арилгах зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчдын 50-иас доошгүй хувийн саналыг авч сонгосон дүрэмт хувцасны загварыг сургуулийн зөвлөлөөр батлуулж байх ёстой гэж тодорхой заасан байдаг. Тиймээс дүрэмт хувцас нь хүүхдийн нас, бие бялдрын онцлогт тохирсон, материал нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, сургуулийн таних тэмдэг бүхий байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нар хариуцах үүрэгтэй. Дүрэмт хувцсыг чанартай, эрүүл мэндэд хоргүй материалаар хийхээс гадна, нэг загвартай болгож, жил бүр шинэчлээд байх биш монгол хүүхдийн өсөлтийн жишгийн дагуу дор хаяж хоёр жил өмсч хэрэглэхээр байх ёстойг үйлдвэрлэгч байгууллагуудад яамны зүгээс байнга анхааруулдаг. Энэ үүднээс аж ахуйн нэгж, байгууллага болон суралцагчийн дүрэмт хувцасны материалд тавигдах шаардлага хангаж байгаа эсэх талаар саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Харин яамнаас нэгдсэн дүрэмт хувцсаар ижилсээгүй сургуулиудын тухайд цагаан цамц, хар өмд, юбкаар ижилсэхийг зөвшөөрдөг” гэв.
Сурагчдын дүрэмт хувцас гэхээр л “Батзүү” компанийг тойруулаад ярих нь элбэг. Гэтэл улсын хэмжээнд 10 гаруй дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компани үйл ажиллагаа эрхэлдэг. Салбарын яаманд ирүүлсэн гомдлын дагуу өнгөрсөн онд дээрх үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд МХЕГ-тай хамтран шалгалт хийгээд сурагчийн дүрэмт хувцасыг үнэ хямд, чанаргүй материалаар хийдэг болохыг тогтоож, торгууль ноогдуулсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт “Нарантуул” худалдааны зах дээр биед наалдамтгай, маш нимгэн материалаар хийсэн дүрэмт хувцсыг 25 мянга, арай дөнгүүрийг нь 40 мянгаар худалдаалсан хэвээр. Бүтэн нэг улирал өмсөх эсэх нь эргэлзээтэй.
Нөгөө талаас дээрх эрх, үүргийг тухайн сургуулийн удирдлагууд дүрэмт хувцасыг өөрсдийн бизнес болгох үүднээс эцэг эхчүүдтэй зөвлөхгүйгээр захиалах нь илүү ашигтай байж мэдэх юм. Энэ мэтээр энэ жил авсныг ирэх жил дахин ашиглах боломжгүй байгаа учраас л дүрэмт хувцас тойрсон сайн, муу бүхэн яригдаж буй нь мэдээж.
Салбарын яамнаас өгсөн дээрх хариултын дагуу бол эцэг, эхчүүдийн оролцоо сурагчдын дүрэмт хувцасны чанар болоод загвар, үнэ ханшид бүрэн нөлөөлж болмоор юм шиг. Энэ эрх үүргээ мэддэг эцэг эхчүүд хэд байгаа билээ. Бусдын төлөө сургаж байгаа юм шиг энэ нь ч болсонгүй, тэрийг нь ч анхаараач гэх мэтээр улиглахаас илүүтэй өөрсдөөс шалтгаалах тал дээр илүү анхаармаар сан даа. Яг үнэндээ “Амно”-гоос бусад үйлдвэр гаднаас чанаргүй дүрэмт хувцас нийлүүлдэг нь нууц биш. “Батзүү” компанийг ч гэсэн үүнд хамааруулж хэлж болно. Хамгийн гол нь эцэг эхчүүд л гар бие оролцох хэрэгтэй. Эцэг эхчүүд саналаа гаргаж чанартай давуугаар, загвараа гаргаад жижиг дунд үйлдвэрээр хийлгэх бүрэн боломж байгаа шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд мэддэггүй, мэдсэн ч захирлын үгийг дагах ёстой мэт ойлгосноос энэ асуудал байнга гарсаар байна.
Нэг өдөр цаг, зав гаргаад сургуулийн удирдлага, эцэг эхчүүд хамтраад материалын чанар, өнгөний сонголт, загвар, үнэ өртөг нь нийтийн жишигт нийцэж байгаа эсэх талаар сайтар зөвлөлдөж юу нь болохгүй гэж. Хүүхдүүдийн тань эрүүл мэнд, сурах орчны талаарх асуудал шүү дээ. Бүр болохгүй бол хар өмд, цагаан цамцаар ижилссэн ч яах вэ дээ.