Дорнод аймагт болсон “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт, зөвлөгөөнд Эрчим хүчний сайд П.Ганхүү оролцохдоо “Зүүн бүсийн эрчим хүчний салбарт шаардлагатай шинэчлэлийг эхлүүлэхэд салбар яам цаг алдахгүй ажиллана. Салбарын шинэчлэл гэдэг бол монголын бүтээн байгуулалтын гол хөшүүрэг юм” гэв.
Уулзалт, зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өгсөн нь “Өнгөрсөн 2016 он Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд үр дүнтэй жил байлаа. Эрчим хүчний салбарын хэмжээнд өнгөрсөн онд 5.8 тэрбум кВт.ц цахилгаан, 8.7 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.4 кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 775.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 11 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллалаа. Урьд онтой харьцуулахад борлуулалтын орлого 89 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ” гэдэг үг байв. Мөн дулаан цахилгаан станцууд жишмэл түлшний хувийн зарцуулалтыг цахилгаан болон дулаанд бууруулснаар 45.8 мянган тонн нүүрс хэмнэсэн бөгөөд дамжуулах, түгээх компаниуд дамжуулалт, түгээлтийн алдагдлыг 0.05 нэгжээр бууруулснаар 349 сая төгрөгийн хэмнэлт гаргасан гэдгийг тэрбээр онцолсон.
Зөвлөгөөн цаашид гурван бүс нутагт зохион байгуулагдах бөгөөд Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүч бол монгол хүн бүрийн гал голомт, хөгжил дэвшил, сурч мэдэх орчин нөхцөл, ажиллаж амьдрах тулгуур хүчин зүйл. Иймд салбараараа хичээн ажиллаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй Монгол Улс болгохын төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллая” хэмээн уриалсан.
ЭХ СУРВАЛЖ: ЭХЯ