-Энэ жилийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад ашиглах сурах бичиг бэлэн болсон уу?
-Ерөнхийдөө бэлэн болсон гэж хэлж болно. Зургаа, долдугаар сард хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулиудад тараагаад өгсөн байгаа. Өнөөдрийн хувьд сургуулиудын үйл ажиллагаа хараахан жигдрээгүй байгаа болохоор зарим сургуулиудад хүргэгдээгүй байж болох юм. Өнгөрсөн жил зарим сурах бичиг есдүгээр сарын сүүлчээр сурагчдын гар дээр очиж, нэлээд шүүмжлэл дагуулсан. Тиймээс сурах бичиг хэвлэх ажлыг эртнээс эхэлсэн.
-Энэ жил хэчнээн сурах бичиг шинээр хэвлэсэн бэ?
-12 жилийн сургалтын системд шилжиж буйтай холбоотойгоор дөрөв, есдүгээр ангийн сурагчдын нийт 33 нэр төрлийн 700 гаруй сурах бичиг шинээр хэвлүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн дөрөв, есдүгээр ангийн сурах бичиг шинэчлэгдсэн гэсэн үг. Тиймээс энэ хичээлийн жил дээрх хоёр ангид шинээр хэвлэсэн сурах бичгийг ашиглана.
-Бусад ангиудад өнгөрсөн хичээлийн жилд ашиглаж байсан сурах бичгийг дамжуулан ашиглаж болно гэж ойлгож болох уу?
-Бусад ангиудын хувьд сурах бичиг шинэчлээгүй болохоор дамжуулан хэрэглэж болно.
-Зарим тохиолдолд сурах бичгээ худалдаж авах чадваргүй сурагчид олон бий. Үүнийг БСШУЯ-наас хэрхэн зохицуулж байгаа вэ?
-11 жилийн сургалттай бага ангид 80 хүртэл хувийг, 12 жилийн сургалттай бага ангид 100 хувь хүртэл төрөөс хангаж байгаа. Дунд, ахлах ангид 40 хүртэл хувийг нь хангана. Өөрөөр хэлбэл, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгээ худалдан авах чадваргүй сурагчдыг хамруулах зорилгоор дээрх хувийг гаргаж, ерөнхий боловсрол сургуулиудад мөрдөж байгаа.
-Зарим сургуулиудын хувьд сурах бичиг хүрэлцээгүй байна гэх гомдол байдаг. Энэ жил сурах бичгийг нэмж хэвлэсэн үү?
-Хөдөө орон нутагт сурч буй ахлах ангиудын хувьд 2-3 сурагчийн дунд нэг сурах бичиг хэрэглэж байна гэх гомдол манайд бас ирдэг. Учир нь эдгээр ангийн сурагчид хавар сурах бичгээ сургуульдаа өгөхдөө дутаах, эсвэл ашиглах боломжгүй болтлоо хуучирсан байдаг. Тиймээс жил бүр сурах бичиг нэмж хэвлүүлэх шаардлагатай болдог. Энэ жил нийт 32 нэр төрлийн 45 мянган сурах бичиг нэмж хэвлэсэн.
-Төвөөс алслагдмал аймаг суманд сурах бичгийн хуваарилалт хангалтгүй байдаг гэх юм. Энэ талаар?
-Тухайн аймгаас ирүүлсэн сурагчдын тоог үндэслэн яамнаас сурах бичгээ тараадаг учраас тийм байх ёсгүй. Эхлээд төвийн аймаг, дараа нь алслагдмал аймгуудад явуулна гэж байхгүй. Ирүүлсэн тооны дагуу бүх аймагт зэрэг хүргүүлдэг.
-Энэ жилийн сурах бичгийг хэвлэх тендерт ямар хэвлэлийн компаниуд шалгарсан вэ?
-Сонгон шалгаруулалтын дагуу “Соёмбо”, “Сод” гэх мэтийн 20 гаруй хэвлэлийн компани сурах бичгийг хэвлэсэн.
-Сурах бичиг хэвлэхэд улсын төсвөөс хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
-Сурах бичгийн эх бэлтгэх, хэвлэх, тараах ажилд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулсан.
-Нэг сурах бичиг хэвлэхэд болон худалдаалах үнэ ханш ямар байгаа вэ?
-Дунджаар 900-2500 төгрөгөөр сурагчдад худалдаалах юм. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн сурах бичгийн үнэ ханштай харьцуулвал 10-30 бууруулах бодлогыг яамнаас барьж байгаа.
-Худалдаанд сурах бичгүүд гарсан уу? Эцэг эхчүүд, сурагчид сурах бичгээ хаанаас худалдан авах боломжтой вэ?
-Номын худалдааны бүх цэгүүдээр худалдаалж эхэлсэн байгаа. Харин орон нутагт хараахан худалдаалж эхлээгүй байгаа бөгөөд тодорхой төвлөрсөн номын цэг худалдаалах цэг нээн ажиллуулахыг холбогдох газруудад үүрэг болгосон.