Үндэсний ментор бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.21-нд нийтлэгдсэн

Үндэсний ментор бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Хомерийн алдарт “Одиссей” туульд, Одиссей хаан дайнд мордохдоо хүү Телемахаа найз Ментортоо даатган үлдээдэг. Хаан ширээ залгамжлагч Телемахыг ирээдүйн том албанд нь бэлтгэх чухал даалгавар Менторт оногджээ. Тэгвэл өнөө үед итгэлтэй мэргэн зөвлөхийг ментор хэмээн нэрлэх болсон бөгөөд “Тухайн хүний сайн сурч чадахгүй, эсвэл удаан сурах байсан, эсвэл бүр огт сурч чадахгүй зүйлийг зааж туслах хүнийг ментор гэнэ” гэх тодорхойлолт бий болжээ.

Түүнчлэн илүү мэдлэг туршлагатай, ур чадвартай нэгэн нь нөгөө хүндээ зөвлөгөө, мэдээлэл өгч, чиглүүлэхийг менторинг гэж нэрлэдэг байна.

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран Үндэсний ментор бэлтгэх гурван өдрийн сургалтыг өнөөдөр эхлүүлжээ.

Энэхүү сургалтад Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны 17 аймаг, есөн дүүрэг дэх гишүүн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд оролцогчид санхүүгийн боловсрол, бизнес эрхлэлт, хувь хүний хөгжлийн чиглэлээр жижиг, дунд бизнес эрхлэгчид, бизнесийн гараагаа эхэлж буй иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь чиглүүлэх арга барилд суралцах юм байна.

Энэ удаагийн сургалтыг “Youth Business International” олон улсын байгууллагын тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа аж. “Youth Business International” олон улсын байгууллага жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ментор бэлтгэх хөтөлбөр нь өөрийн гишүүнчлэл бүхий дэлхийн 60 гаруй оронд амжилттай туршигдсан ажээ.

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо нь олон улсын арга туршлагыг нэвтрүүлж, нийслэл, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа өргөжүүлэн сайжруулах, бизнесийн удирдлагын мэдлэг туршлага олж авахад нь туслах зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд менторингийн үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар зорьж байгаа ажээ.

Энэхүү сургалтаар бэлтгэгдэх ментор зөвлөхүүдийн тусламжтайгаар бизнес эрхлэгчид сургалт, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ авч, цаашдаа бизнесээ эхлүүлэх, түүнийгээ амжилттай өргөжүүлэх олон улсын менторингийн аргачлалаар үргэлжлүүлэн дэмжлэг авах боломжтой болж байгаагаараа онцлогтой юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж