Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх Төрийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны чиглэл, төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны “Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн харилцааг “Иж бүрэн Түншлэлийн харилцаа”-ны түвшинд шат ахиулж, “Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх чухал алхам болох юм. Хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд солилцоо өргөжиж байна. Үүнийг дагаад хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хялбаршуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалаар энэ талаар тодорхой тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна гээд мөн БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг, боловсролын хамтын ажиллагааны чиглэлд ахиц гаргаж чадна гэж итгэж байгаагаа онцлов.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, Ли Мен Баг Ерөнхийлөгч ногоон хөгжлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, санал, санаачилга дэвшүүлж ажилладаг. Хоёр орон цаашид ногоон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд байгальд ээлтэй технологи, эрчим хүч, ус, ой, байгаль орчны нөхөн сэргээлтийн болон хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.
БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны тэргүүн дэд сайд Пак Сок Хван Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж буйд нь талархал дэвшүүлээд, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх Төрийн айлчлал хоёр орны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ түвшинд хүргэсэн үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах болсонд баяр хүргэж амжилт хүсэв.