Гадуурхагдсан иргэдийн унаа

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Гадуурхагдсан иргэдийн унаа

Гадуурхагдсан иргэдийн унаа

Японы хуучин, төмрийг сэгийг эх нутагтаа авчирч хог тарих хэрэггүй гэж эх оронч үзлээр хандахаа түр азная. Өнөөдөр монголчуудын амьжиргааны төвшин ямар байгаа билээ. Хэд маань түүгээр өдрийн хоолоо залгуулж, өрх гэрээ тэжээж яваа билээ гэдгийг эхлээд нэг бодоод үзэх хэрэгтэй.

Арав хүрэхгүй жилийн өмнө Улаанбаатарын таван машины нэг нь "Аксент" байлаа. Гаргалгаа нь энгийн. Шатахуун бага зарцуулдаг. Сэлбэг, үнэ хямд. Харин энэ унаа өнөөдөр "Приус"-ээр солигджээ.

Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар хос хөдөлгүүртэй машиныг татвараас чөлөөлдөг. Тиймээс ч хямд байдаг. Харин тавдугаар сарын 1-нээс энэ төрлийн машинаас 50 хувийн татвар авдаг болно. Төсвийн тодотголоор оруулж ирсэн энэ зохицуулалтын сургаар арав хоногийн дотор л гэхэд Prius машины үнэ саяас хоёр сая төгрөгөөр нэмэгджээ.

Суудлын автомашины татварыг хөдөлгүүрийн багтаамжаас нь хамаарч нэмэгдүүлснээр улсын төсвийн татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. “Энэхүү зохицуулалт нь нийт автомашины 70 гаруй хувийг бүрдүүлж буй 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг импортлох боломжийг эрс бууруулж байгаа юм” санаачлагчид нь өмгөөлөв. Гэхдээ энэ шийдвэр төсөвт 33.8 тэрбумыг төвлөрүүлэх ч жирийн иргэдэд түүнээс илүү хохирол учруулна. Шинэ хуулиар арваас дээш жилийн насжилттай хосолмол хөдөлгүүрт 1.5 мотортой автомашинд л гэхэд таван сая төгрөгийн татвар ногдохоор болжээ. Өнөөдөр Монголд орж ирж буй prius машин голдуу 2004-2008 онд үйлдвэрлэгдсэн байдаг. Тэгвэл 7-9 жилийн насжилттай “Prius” автомашины үнэ дунджаар хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдэнэ гэж импортлогчид хэлэв. Түүнээс илүү насжилттай нь ойролцоогоор 5-6 саяар нэмэгдэнэ гэсэн үг. Товчхондоо хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг авто машинд  375,000-6,675,000 төгрөгийн онцгой албан татвар ногдоно. Үйлдвэрлэснээс хойш насжилт нэмэгдэх тусам татвар нэмэгдэнэ.

Энэхүү гэнэтийн шийдвэрээс болоод 3700 худалдан авагч захиалсан машинаа авах эсэх нь эргэлзээтэй болжээ. Учир нь Японоос импортолдог хосолмол хөдөлгүүрт автомашин дуудлага худалдаанаас гараад ачилтын, усан онгоцны хуваарьт ороод 30-45 хонож байж Монголд ирдэг гэнэ. Тиймээс төсвийн тодотголоор гэнэт татвар нэмэхээс өмнө өмнө захиалгад орсон 3700 машин захиалгад орсон байсан гэсэн үг.

Монголын нийт авто машины насжилтыг аваад үзвэл 70 орчим хувь нь үйлдвэрлэгдсэнээсээ хойш 10-аас дээш жил болжээ. Ийнхүү Монголын төр иргэдийнхээ нийтлэг эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан нь эхнээсээ сөргөөр нөлөөлөв. Уг нь хос хөдөлгүүртэй машинд давуу тал их бий. Байгальд ээлтэй, өвлийн хүйтэнд гадаа тавьсан ч ямар нэгэн асуудалгүй асдаг. Шатахуун бага зарцуулдаг учраас иргэдэд хэмнэлттэй, ухаалаг хэрэглээтэй. Агаарын бохирдлын эсрэг бодит үр дүн үзүүлж буй машин. Дээр нь хотын түгжрэлд голдуу цахилгаан хөдөлгүүрээрээ явдаг гэхчлэн давуу тал Toyota Prius машинд олон. Энэ унааны ачаар нийслэлийн хэдэн мянган өрх өвлийн хүйтэнд үр, хүүхдээ ханиад томуу хүргэлгүй, хорт утаа амьсгалуулахгүй хичээл, сургуульд нь хүргэж, амьжиргаандаа дэм болох хэмнэлт гаргаж, заримдаа орлого олдогийг өнөөгийн шатахуунаа татвар төлөгчдийн мөнгөнөөс хийлгэдэг эрхтэн, хангамжитнууд төсөөлөхгүй.

Сав л хийвэл иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлж, сонгуулиас өмнө бүх тендерээ “зарах” шийдвэр гаргаад буй эрх баригчид сэтэртнээ цөөлөх, сайд нарынхаа тансаглалыг зогсоох нь байтугай улам нэмээд буйг яалтай. Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр төрийн нэгэн агентлагийн даргын шинэ машиныг гэрэл цохиулж байсан нөхөр дэд сайд болоод нөгөөх машинаа өөрөө уначихсан тансаглаж яваагаас эхлээд тэдний үйлдэл бүхэн нүдэнд ил байтал иргэдийгээ чангалж, өөрсдөө тансаглаж буй нь бухимдлаас өөрийг авчрахгүй.

Жирийн иргэдийнхээ цайны ганцыг ад үзэхийн оронд сайд, дэд сайд, татвараас “угжиж” буй “нялцгай” биетүүдээсээ хэмнэлтээ, татвараа авах талаар боддог ч болоосой. Prius машин хэрэглэгчдийн группэд та нарыг эсрэг жагсах санал гараад эхэлсэн байна билээ. Зөвхөн тэр группийн хэрэглэгч гэхэд 24 мянга. Ард нь гэр бүл нь бий гээд тооцвол ямар нүсэр жагсаал болохыг төсөөлж байна уу?

100-200 саяар үнэлэгдэх 4500-аас дээш мотортой төрийн унаануудаас зарж төсөвтөө яагаад нэмэрлэж болохгүй гэж. Том оврын жийп 100 километрт багадаа 20 литр шатахуун зарцуулдаг. Тэгэхээр явснаасаа шалтгаалаад 50-100 мянган төгрөгийг ердөө ганцхан машин зарцуулна. Дээр нь тос, масло, дугуй, сэлбэг гээд тооцвол машиных нь мөнгөтэй дүйцэхүйц зардал жилдээ гаргана. Энэ төрлийн авто машиныг бусад тэргээд илүү өндрөөр нэмсэн нь тансаг хэрэглээг танах гэсэнтэй холбоотой гэвэл гонж. Төрийн албаны том жийпийн татварыг дарга нар бус татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг. Хүний юмаар хүйдэгнэхдээ ийм гаргууд.Ийм цахилгаан хөдөлгүүрийн машинаас татвар авдаг болж, цамнасан хэрэг.

Улаанбаатарчуудын дийлэнх нь prius-ээр л хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, амьжиргаагаа залгуулдаг юм шүү, жаахан амьдрал судлаад дараа нь шийдвэрээ гаргаасай билээ.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж