Хөдөлмөрийн хууль: Ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөлөө

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хууль: Ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөлөө

Хөдөлмөрийн хууль зөрчвөл 10 сая хүртэл төгрөгөөр торгохоор шинэчлэгдсэн хуулийн төсөлд тусгажээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн /2017.04.21/ УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ.

Энэ хууль нь анх 1999 онд батлагдаж байсан. Гэвч өнөөг хүртэл ажил олгогчид шинээр орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр, тодорхой хугацаанд цалин хөлсгүй ажиллуулдаг байдал байсаар иржээ. Түүнчлэн иргэд хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй хохирч үлдэх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй гардаг байж.

Хөдөлмөрийн тухай хууль дахь энэ асуудлыг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Хуулийн төсөл нь туршилтын хугацаа, сургалтын хугацаа, цагаар ажиллах нөхцалийг зохицуулжээ. Тодруулбал, нэмэлт өөрчлөлт орсон заалт нь туршилтын хугацаа, цагийн ажлыг тодорхой зохицуулж өгсөн юм.

Хөдөлмөрийн хуульд тусгагдсан өөрчлөлтүүдийг танилцуулъя.


ТУРШИЛТЫН АЖИЛТАН ЗААВАЛ ЦАЛИН АВНА

Туршилтын хугацаа: Тухайн ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, хувь хүний болон ажил хэргийн зан чанар, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах шаардлагатай гэж үзвэл ажил олгогч ажилтан харилцан тохиролцож, тогтоосон хугацааг ойлгоно. Хугацааг тохиролцох нь тухайн байгууллагын ажлын онцлог гэрээний талуудын сонирхол эрэлт хэрэгцээтэй холбоотой бөгөөд туршилтын хугацааг гурван сараас илүүгүй байхаар тохиролцоно гэж заажээ. Энэ хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцох, гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байхаар тогтооно.

ДАГАЛДАН АЖИЛЛАХ ХУГАЦАА 3 САРААС ИЛҮҮГҮЙ БАЙНА

Сургалтын хугацаа: Ажилд шинээр орж байгаа ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадал эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулж болно. Дагалдан ажиллуулах хугацаа гурван сараас илүүгүй байх. Хөдөлмөрийн гэрээг сургалтын хугацаагаар байгуулсан тохиолдолд ажилтанд цалин хөлс олгох асуудлыг талууд харилцан тохиролцоно.

ЦАГИЙН АЖИЛТАНТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЁСТОЙ

Цагийн ажил: Энэ заалтад тодорхой ажлыг гүйцэтгэхдээ зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар тусгажээ. Хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож, тусгахаар заасан байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх аж. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөсөн байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ЯАХ ВЭ?

Хэрэв Хөдөлмөрийн тухай хууль зөрчвөл ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500 мянгаас 1 сая төгрөгөөр,  аж ахуйн нэгж, байгууллагыг 5 саяаас 10 сая төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж