Зэрлэг омгийнхон хамгийн сайхан бүсгүй шалгаруулан, түүгээр бурханд тахил өргөдөг байж. Харин орчин үеийн хүмүүс бол гоо бүсгүйн тусламжтайгаар улс төрийн асуудлаа шийддэг.
Нууц нийгэмлэг
Хамгийн анхны гоо бүсгүйн уралдаан 1888 онд Бельгид болж байжээ. Шүүгч нар уралдаанд оролцогсдын гэрэл зургийг үзэж, ядагчийг шалгаруулсан байна. Тэмцээний сүүлийн шатанд шалгарсан бүсгүйчүүдийг буудлын тусгай өрөөнд байрлуулж, олонд харагдахыг хориглосон байжээ. Дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр тухайн үед Гваделупын 18 настай Марта Сукаре тодорсон аж.
Нулимстай мисс
Шаляпины охин Марина 1931 оны Оросын миссээр шалгарчээ. Шүүгчид Матильда Кшесинскаягийн үдэшлэг дээр анх Маринаг харжээ. Ялснаа мэдсэний дараа Марина оройжингоо уйлжээ. Учир нь тэр гадны хүмүүсийн дэргэд үзэсгэлэнтэй бүсгүй гэж цоллуулахаасаа ихэд ичиж байсан гэдэг.
Паспортын дэглэм
Францад 1926 онд дүрвэгчид дундаас гоо бүсгүй шалгаруулахад орос эмэгтэй түрүүлжээ. Уралдааныг орос хэлээр гардаг “Иллюстрированная Россия” сэтгүүл ивээн тэтгэж, зохион байгуулсан аж. 1929 онд Парисын орос колонийн хатан хаан гэсэн цолыг “Оросын Мисс” гэж шинэчлэн нэрлэх болсон байна. Тэр үед Парист “Европын мисс” уралдаан болж эхэлсэн байв. Шинэ алдрыг 18 настай Валентина Остерман хүртжээ. Гэхдээ түүний миссийн титмийг хураасан ба Оросын дүрвэгчийн паспортгүй, немец паспорттай байсан гэж үзсэн байна.
Улаан “бороо”
Зөвлөлтийн анхны гоо бүсгүйгээр тодорсон 16 настай Маша Калининагийн дээрээс хэдэн кг урт иштэй хадаасан цэцгээр “бороо” оруулжээ. “Москвагийн сайхан бүсгүй 1988” уралдааныг зохион байгуулагчид 1988 онд тэргүүн бүсгүйг зарлахдаа ийм арга сэджээ. Тухайн үед сарнайн дэлбээг ашиглах байсан ч эдийн засгийн хямралтай байсан тул боломжгүй болжээ. Гэхдээ шоу олон нийтэд ихэд таалагдсан тул нийт улс орныг хамруулсан “ЗХУ-ын мисс” тэмцээнийг явуулж эхлэхээр шийдвэрлэжээ.
Өнгөт хувьсгал
Жар гаруй жилийн хугацаанд гоо бүсгүйн олон улсын уралдаанд Европын эмэгтэйчүүд ялж байсан түүхтэй. 1954 онд анх Египет бүсгүй тэргүүлж байсан ч европ царайтай эмэгтэй байсан гэдэг. Тэгвэл үүнээс таван жилийн дараа “Ертөнцийн мисс” өргөмжлөлийг япон эмэгтэй японка Акико Козима хүртсэн нь Азиас шалгарсан анхын тохиолдол. Харин өнгөт арьстан мисс 1977 анх шалгарсан нь Тринидад ба Тобаго улсын гоо бүсгүй байв.
Нэр цэвэр
Хүүхэдгүй байх. Сүй тавиагүй, гэрлээгүй байх. Хэрэгт холбогдоогүй, нүцгэн зураг авахуулаагүй байх. Нэр хүнд нь дээд зэргээр цэвэр байх ёстой гэсэн үүднээс миссийн тэмцээнд дээрх шаардлагуудыг тавьдаг байжээ. Үүнээс болоод тэр бүр хүмүүс оролцож чаддаггүй байна. Тухайлбал, герман бүсгүй Габриела Брум 1980 оны дэлхийн миссийн титмээсээ 18 цагийн дараа татгалзжээ. Түүнд хагас нүцгэн авахуулсан зураг байсан нь шагналасаа татгалзахад хүргэсэн байна.
Араг ясны тэмцээн
Рентгений зураг харж, мисс тодруулж байсан үе байдаг ажээ. “Цогц биеийн мисс” уралдааны шүүгчид эхэндээ 13 жилийн турш хиропрактикаар шилдгийг тодруулж байлаа. Шигшээд шалгарсан эмэгтэйчүүд хоёр хөлөөрөө хоёр өөр жинлүүр дээр зогсдог байсан ба тэдний заалт ижил гарвал хамгийн цогц бие галбиртай гэж үздэг байх жишээтэй.
МИССИЙН ТЭМЦЭЭН БА ОН ДАРААЛАЛ
1888 он: Бельгид Дэлхийн анхны гоо бүсгүйн уралдаан зохион байгуулагдав.
1921 он: АНУ-д анх удаа “Америкийн Мисс” шалгаруулалт болов. 1928 – 1932 онд эдийн засгийн хямралын улмаас энэ уралдаан тасалджээ.
1926 он: Францад “Парисын орос колонийн хатан хаан” нэртэй уралдаан зохион байгуулагдав. Түүнд орос паспорттой, дүрвэгч бүсгүйчүүд оролцох эрхтэй байжээ.
1928 он: Францын Парис хот “Европын Мисс” шалгаруулалтыг эхлүүлэв. Европын анхны уралдаанд 18 бүсгүй оролцжээ. 1939– 1947 онд Дэлхийн II дайны улмаас шалгаруулалт болоогүй.
1951 он: Их Британийн Лондон хотноо анх удаа “Дэлхийн мисс”-ийн тэмцээн боллоо. Эхлээд тэмцээнийг бикинитэй бүсгүйчүүдийн шалгаруулалт маягаар явуулдаг байсан ч АНУ-д “Ертөнцийн мисс” уралдаан бий болсонтой холбогдуулан цар хүрээг нь өргөтгөж, жил бүр явуулахаар болсон байна.
1952 он: АНУ-ын Калифорни хот “Ертөнцийн мисс” уралдааныг усны хувцасны үйлдвэрлэгчидтэй хамтран зохион байгуулав.
1996 онд уг шалгаруулалтыг АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ивээн тэтгэн, зохион байгуулах болжээ.
1988 он: ЗХУ-д “Москвагийн гоо бүсгүй” анхны уралдаан болов.
2008 он: Саудын Араб “Ёс суртахуунт үзэсгэлэнт мисс” шалгаруулалт явагдлаа. Энэ тэмцээнд мусульман ертөнцийн бүсгүйчүүд хамрагддаг.
Фото: Е. Матвеев, Илья Питалев / РИА Новости, Diomedia, Getty Images (x2), AP / East News
Бэлтгэсэн Ш.МЯГМАР