Спортын төв ордны “А” зааланд эдгээр өдрүүдэд ширээний теннисний олон улсын тэмцээн болж байна. Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын нэрэмжит "Mongolia cup-2017" тэмцээнд 12 орны 180 орчим тамирчин оролцож байна. Тодруулбал, Монгол, БНХАУ, БНСУ, Хонконг, Сингапур, Малайз, Казакстан, Польш, ОXУ-аас тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд аваргууд тодорно.
Монголын ширээний теннисний холбооноос/МШТХ/ "Mongolia cup-2017" тэмцээний өмнө “Grand china sports” групптэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу олон улсын “А” зэрэглэлийн 16 ширээ, олон улсын тэмцээн явуулах шал, шигшээ болон үндсэн багийн 60 тамирчны хувцас хэрэглэлийг өгчээ. Мөн “А” заалны гэрэлтүүлгийг бүрэн шийдэж, 100 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна. Тэмцээний үеэр Дэлхийн ширээний теннисний холбооны тэргүүн, алдарт дасгалжуулагч Шү Шаофа ирж, МШТХ-д 80 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгсэл, материал хандивлажээ. Тэрбээр ширээний теннисний “Xushaofa” брэндийг үүсгэн байгуулсан бөгөөд “Mongolia cup-2017”-н бэлтгэл ажилтай танилцсан байна.
Манай улсад хамгийн сүүлд 2007 онд ширээний теннисний өсвөрийн тэмцээн олон улсын гэх тодотголтой болж байжээ. Тэгвэл түүнээс хойш арван жилийн дараа энэхүү тэмцээн болж байгаа учраас "Mongolia cup-2017" анхдугаар тэмцээн гэж нэрлэж байгаа аж. Тэмцээний шагналын сан олон улсын тэмцээнүүдээс дутахгүй өндөр байх бөгөөд 800-1200 ам.долларыг шилдэг тамирчдад өгөх юм байна.
"Mongolia cup-2017" анхдугаар тэмцээнийг ТВ-9 телевиз шууд дамжуулж байгаа бөгөөд аваргууд маргааш тодорно.
Ч.БОЛ