“Травиата” дуурийн 40 жилд Э.Амартүвшин дуулна

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

“Травиата” дуурийн 40 жилд Э.Амартүвшин дуулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр тоглолтын 54 дэх улиралд түүхэн ач холбогдол бүхий уран бүтээлийн ой, арга хэмжээ нилээд их тохиож байгаа ажээ.

Эдгээрийн нэг нь Камелийн цэцэгт хатагтай зохиолоос сэдэвлэн бүтээсэн Ж.Верди “Травиата” дуурь Монголын тайзнаа анх тавигдсаны 40-н жилийн ойн тоглолтыг өнөөдөр /2017.04.15/ үзэгчдэдээ хүргэх гэж байна.

Энэхүү ойн баярын тоглолтод Монгол Улсын Соёлын Элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин уригдан, Ж.Вердийн "Травиата” дуурийн 40-н жилийн ойг тохиолдуулан үзэгч та бүхэнтэй Жорж Жермоны дүрээр түүнтэй дахин уулзах нь ээ.

Тэрбээр ОХУ-ын Москва хотноо дөрөвдүгээр сарын 6-нд болсон ''Opera Art'' фестивальд урилгаар оролцож, П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторын концертын их танхимд концерт хэлбэрээр тавигдсан Ж.Вердийн ''Трубадур'' дуурьт Ди Луна гүнгийн ариг амжилттай дуулан үзэгч олныг дахин гайхшруулаад иржээ.

Тэртээ 160 гаруй жилийн түүхтэй уг дуурь анх Монголын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр тавигдаж, өдгөө 40 дэх жилтэйгээ золгож байгаа билээ. Монголын хамгийн анхны эмэгтэй найруулагч Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор сургуулиа дөнгөж төгсөж ирээд монгол хэлээр найруулан тавьсан бөгөөд удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллажээ.

Харин 2000 онд найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор Итали хэлээр шинэчлэн тавьж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар удирдсан юм. 2015 онд БНСУ-ын найруулагч Соёлын тэргүүний ажилтан Ан Ху Вон дахин шинэчлэн найруулж, тайз, хувцсыг дахин шинэчилсэн бөгөөд тайзны зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун нар ажилласан байна. 

Үзэгчдийн дунд хундаганы дуугаараа овоглогдсон Ж.Вердийн “Травиата” дуурийн монголын тайзнаа тоглогдсоны 40-н жилийн ойн тоглолтын гол дүрүүдэд Виолеттад-Ө.Уянга /МУГЖ/, Альфредод-Б.Батжаргал, Жермонд-Э.Амартүвшин/МУГЖ/, Флорад-Р.Доржхорол/СТА/, Аннинад-Ш.Наранчимэг/СТА/, Гансонд-М.Даваадорж, Баронд-Л.Болдцэрэн, Маркизд-Б.Алтанхуяг/СТА/, Докторд-С.Бат-эрдэнэ, Жозеф-Б.Гомбо-очир /СТА/ нар тоглох гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж