Лерангис Жозеф: Монголд дахин ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.15-нд нийтлэгдсэн

Лерангис Жозеф: Монголд дахин ирнэ

“Ивээлт нарны цацраг алтан эрдэнэ”

Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ” хэмээн “Есөн эрдэнийн орон” дууг АНУ-ын иргэн Лерангис Жозеф “Universe Best Songs 2017" наадмын хоёрдугаар шатанд дуулсан. Дуулах дуулахдаа монгол хэлээр тун цэвэр, эвлэгхэн дуулсан нь олны сонирхлыг ихэд татсан. Тэрбээр Зайсан дахь Америк сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг бөгөөд монголд амьдраад дөрвөн жил болж байгаа ажээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

ИРЭХ НАМАР МАГИСТРТ СУРАЛЦАХААР АМЕРИК РУУ БУЦАХ ГЭЖ БАЙГАА

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач?

Намайг Лерангис Жосеф гэдэг. Би АНУ-ын Нью-Йорк хотноо төрж өссөн. Одоо 26 настай. Анх 2012 онд “Fulbright” хөтөлбөрөөр монголд ирж, ардын хөгжим суралцаж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд англи хэл заадаг байсан. Дараагаар нь нэг жил БНХАУ-д магистраар суралцаад ирсэн. Тэгээд сүүлийн гурван жил Зайсан дахь Америк сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байна.

-“Universe Best Songs 2017" наадамд оролцох болсон талаараа ярихгүй юу. Эхний шатанд “Дөрвөн настай халиун”, хоёрдугаар шатанд “Есөн эрдэнийн орон”, “Найзуудаа санана” зэрэг монгол дууг дуулсан. Монгол хэлээр сайхан дуулж олныг гайхшируулсан шүү?

-“Дөрвөн настай халиун” дуу бол миний хамгийн анх сурсан монгол дуу юм. Энэ дууг монгол найз маань надад зааж өгсөн. Анх энэ дуугаа караокед орохдоо дуулж сурч, дандаа амандаа аялдаг байлаа.

Харин “Есөн эрдэнийн орон” дуу нь Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг юм билээ. Дууны шүлэгт эх орноо есөн эрдэнэтэй зүйрлэсэн нь маш гайхалтай санагдсан. Би дуу дуулахдаа дууны үгсийн гүн гүнзгий утгыг ойлгохыг хичээдэг юм. Бас ая нь их сайхан санагдсан. Би энэ наадмын гуравдугаар шатанд “Найзуудаа санана” дууг дуулсан.

-Найз нөхөрлөлийн тухай “Найзуудаа санана” дууг гитар хөгжимтэй дуулдаг. Та энэ дууг гитар хөгжимтэй дуулсан уу?

-Би их олон хөгжмийн зэмсэг хүүхдүүдэд зааж, олон хөгжим тоглодог. Гэхдээ гитарыг их муу тоглодог. Манай ээж, ах хоёр маань гитар маш сайн тоглодог. Ах маань бүр мэргэжлийн гитарчин хүн.

Би ирэх наймдугаар сард удирдаачийн чиглэлээр магистрт суралцахаар АНУ-руугаа буцах гэж байгаа. Тэгээд монгол дахь найзуудаа чин сэтгэлээсээ санана гэсэн бодлоор энэ дууг дуулсан юм.

-Монголд дахин ирэх үү?

-Монголд ойрын жилүүдэд ирэх төлөвлөгөө байхгүй ч ирэхгүй байж болохгүй. Би монголд буцаж ирнэ. Нэгдүгээрт энэ сургуульдаа өөрийн хөгжмийн танхимыг үүсгэж, хөгжмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж явуулна.

-Гэр бүлийнхэн нь бүгд уран бүтээлч хүмүүс үү. Тэд монголд ирж байсан уу?

-Манай эмээ Харвардын их сургуулийн хоорын ангийн анхны эмэгтэй удирдаачдын нэг нь байсан. Манай ээж жазз хөгжмийн төгөлдөр хуурч, ах маань мэргэжлийн гитарчин хүн. Гэр бүлийнхэн маань АНУ-д амьдардаг. Монголд би ганцаараа амьдардаг юм. Манай аав, ээж монголд ирээд, их сайхан сэтгэгдэлтэй буцсан. Одоо манай ах бас монголд ирэх гэж байгаа.

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БҮХ ЧИГЛЭЛИЙГ ЦЭЭЖЭЭР МЭДНЭ

-Та “Есөн эрдэнийн орон” дууг автобусанд анх сонссон гэсэн. Нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг үү?

-Би Улаанбаатар хотын төвд амьдардаг. Өдөр бүр ажилдаа автобусаар очдог. Би бас нийтийн тээвэрт үйлчлүүлэх дуртай. Нью-Йоркийн метро, автобусны сүлжээ их сайхан. Би Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүх автобусны чиглэлийг цээжилчихсэн. Жишээ нь хэддүгээр номерын автобус аль хүртэл явдаг талаар мэднэ.Энэ нь надад зүгээр л сонирхолтой санагддаг юм. /инээв/

-Улаанбаатар хотын гэр хороолол руу явж үзсэн үү?

-Зөндөө явж үзсэн. Бараг бүх гэр хороололд очиж үзсэн. Заримдаа найзуудтайгаа явна. Эсвэл автобусны эцсийн буудал хүртэл нь яваад л буучихдаг.

-Монгол орны юу таныг ингэтлээ татсан бэ?

-Монгол орны олон зүйл намайг татсан. Тэр дундаа ардын урлаг нь үнэхээр их анхаарал татлаа. Морин хуур, хөөмий гээд л…Хамгийн анх намайг хоёрдугаар курст байхад ах маань нэг хөөмийн цомог надад бэлэглэсэн. Би тэр цомгийг тасралтгүй сонссон. Үнэхээр содон, онцгой мэдрэмжийг төрүүлсэн. Мөн тууль, ардын аман зохиол маш сайхан санагддаг.

-Та олон төрлийн хөгжим тоглодог тухай яриандаа дурдлаа. Хэчнээн хөгжим тоглодог юм бэ?

-Би морин хийл, хийл, бүрээ, нарийн бүрээ, бөмбөр, төгөлдөр хуур, бишгүүр гээд 10 гаруй төрлийн хөгжим хүүхдүүдэд заадаг. Би монголын морин хуур хөгжмийг нэг жил сурсан. Надад сурахад маш хэцүү байсан ч их сайхан санагдсан.

Нэгдүгээрт ямар ч хөгжмийн зэмсэгээр тоглож сурахад асар их хугацаа шаарддаг. Би мэргэжлийн хөгжимчин хэр их цаг хугацаа шаарддаг гэдгийг ч сайн мэднэ. Тэр утгаараа би хүүхдүүдэд хичээл заахын хажуугаар морин хуур хөгжим давтах цаг гарахгүй байна. Гэхдээ хааяа морин хуур тоглох дуртай.

-Хүүхдүүдтэй ажиллахад ямар байна вэ. Тун удахгүй сурагчидтайгаа хамтран мюзекль тоглох гэж байгаа юм байна шүү дээ?

-Хүүхдүүдэд хөгжмийн хичээл заах үнэхээр сайхан. Би өнгөрсөн долоо хоногт өглөө 7:00 цагаас эхлэн 18 цаг тасралтгүй ажилласан байсан. Тэр өдөр би өөрөө төгөлдөр хуурын тоглолтоо давтаж, хүүхдүүдийнхээ дэвтрийг засчихаад, шөнө дунд таксидаад явахад ядарснаа ч мэдрээгүй. Заримдаа үнэхээр ядардаг л даа. Гэхдээ хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа учраас ядардаггүй ээ. Манай сурагчид үнэхээр мундаг шүү. Амралтын өдрөөр ч хөгжмөө давтах хүсэлтэй байдаг.

ГУДАМЖААР АЛХАХДАА АМАНДАА “Л”, “Х” ГЭХ МЭТ ҮСЭГ БҮРИЙГ ХЭЛДЭГ БАЙЛАА

-Монгол хэлийг яаж ийм сайн сурав. Хэдэн жил монгол хэл сурсан бэ?

-Би долоо хоногт 1-3 өдөр монгол хэлний хичээлдээ суудаг. Үргэлж гэрийн даалгавраа хийнэ. Манай монгол хэлний багш их сайн заадаг. Аливаа хэлний дүрмийг сайн мэдэж байж л сурч чадна. Багш маань монгол хэлний дүрэм зааснаар монгол хэл сурсан даа. Би хотын гудамжаар алхахдаа “Л”, “Х” зэрэг үсгийг байнга амандаа хэлж, зүгшрүүлдэг байлаа. Бас миний ихэнх найзууд маань монгол хүмүүс байдаг. Мөн манай сургуулийн багш хамт олон маань байна.

-Монгол дуучдаас ямар хамтлаг, дуучныг сонсдог вэ?

-Би хөгжим сонсдоггүй. Учир нь би хөгжим сонсохдоо бүх анхаарлаа хандуулж байж сонсдог. Өдөр бүр 12 цаг ажиллаад л дандаа хөгжим сонсоод байхыг хүсдэггүй. Гэхдээ нам гүмхэн амрахыг хичээдэг л дээ.

Гэхдээ монголын “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Т.Ариунаа, Б.Сарантуяа, Т.Наран, “Камертон”, “Никитон”, “Лимонс” гэх мэт олон хамтлаг дуучдыг сонсож, биширдэг.

-Монгол ямар хоолонд дуртай вэ?

-Би бүх монгол хоолонд их дуртай. Цуйван, бууз, чанасан мах, ааруул, аарц зэрэг цагаан идээ ч гэсэн их амттай. Анх монголд ирээд долоон сар болоход дасан зохицоход хэцүү байсан. Гэтэл өвлийн нэгдүгээр сард надад гэнэт л мах идмээр санагдсан. Тэгээд л гуанзанд ороод нарийн махан хуурга, сүүтэй цайтай захиалж идсэн. Тэр мөчид их даарснаа мэдэрч, би мах идэхгүй бол болохгүй гэдгээ мэдэрсэн шүү.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж