Дайн АНУ-д ч, Пхеньянд ч ашиггүй

Хуучирсан мэдээ: 2017.04.17-нд нийтлэгдсэн

Дайн АНУ-д ч, Пхеньянд ч ашиггүй

Хойд Солонгос өчигдөр өглөө пуужингийн туршилт хийлээ. Хэрвээ пуужингийн туршилт амжилттай болсон бол дайн жинхэнээсээ эхлэх байсан ч  хойдуудын туршилт золоор бүтэлгүйтсэн юм.

Энэ сарын 15-ны өдөр БНАСАУ “Нарны баяр буюу Ким Ир Сены мэндэлсний ой”-н баярын өдрийг сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр Дональд Трамп Хойд Солонгосын ард түмэнд барих сюрпиризэд бэлтгэж эхэлсэн. Тэрбээр нисэх онгоц тээвэрлэдэг дайны хөлөг "Карл Винсон” тэргүүтэй хүчирхэг далайн болон агаарын цэргийн ангийг Солонгосын хойгийн эрэг рүү илгээсэн юм. Учир нь, энэ нь Ким Чен Ун “Нарны баяр”-ын үеэр баллистик пуужингийн туршилтыг хийвэл Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д цохилт өгнө гэсэн сүрдүүлэг байлаа. “Хойд Солонгос бол асуудал. Харин асуудал шийдэгдэнэ” хэмээн цагаан ордны тэргүүн тайлбарлажээ.

ОХУ-ын шинжээчид үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байна. Тэд Хойд Солонгос бол ертөнцийн нөгөө зүгт орших Украйн болон Сири гэж үзэв. Хойд Солонгосыг тойрсон маргаан өөрөө их өвөрмөц. Тэнд аюулын түвшин маш өндөр. Гэхдээ дэлхийн гуравдугаар дайн эхлэх магадлал тун бага хэмээн ОХУ-ын шинжээчид дүгнэжээ.

ТОГЛООМЫН ДҮРЭМ

Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнууд байнга л дэлхийд цөмийн зэвсгийн аюул учруулна гэж мэдэгддэг. Гэхдээ хэн ч хамгийн түрүүнд цохилт өгөхөд бэлэн бус байдаг хэмээн ОХУ-ын шинжээчид тайлбарлажээ.

Хойд Солонгосын элитүүд Солонгосын хойгт дайн гарвал Пхеньяны төгсгөлөөр дуусна гэдгийг маш сайн ойлгодог. Гэхдээ Пхеньяныг гартаа оруулах нь маш өндөр зардалтай гэдгийг Америк, Япон болон Өнмөд Солонгосчууд ч хүртэл мэдэж буй. Учир нь нэгдүгээрт, хэрвээ дайн эхэлсэн бол Өмнөд Солонгосын нийслэл Сөүл дайны хөлд ширвэгдэх үнэн байлаа. Яагаад гэвэл Сөүл дайны болох цэгээс холгүй 50 км-т оршдог. Хоердугаарт, дайнд ялагдсан Хойд Солонгосоор яах вэ? Өмнөд Солонгостой нэгдэх үү? БНАСАУ нь тайван замаар Өмнөд Солонгостой нэгдсэн ч зардал нь маш өндөр болно. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын ДНБ-ийг хэд дахин нугалсантай тэнцэх хөрөнгөөр хоёр Солонгос нэгдэх юм.

Үүнээс гадна, БНАСАУ-ыг хамгаалах дайнд Хятад улс оролцохгүй гэсэн баталгаа байгаа юу? Хэрвээ Хойд Солонгос пуужингийн цохилт өгвөл АНУ болон Өмнөд Солонгос дайн эхэлсэн гэж үзэж хариу арга хэмжээ авна. Хойд Солонгосын ихэнх объект нь газар дор чулуулгын тогтоцоор хамгаалагдсан тул Америкийн шинжээчид түүнийг устгана гэсэн баталгаа өгч чадахгүй байна. Иймээс Америкийн нэг ч ерөнхийлөгчч БНАСАУ-д цохилт өгөөгүйгээс гадна Солонгосын хойгт хүчтэй хямрал одоогоор гараагүй байгаа.

Бүх талууд тоглоомын дүрмийг маш сайн ойлгож байгаа. Тиймээс хэн хэн нь бэлэн байдалд буй. Мөн хэн ч одоогоор улаан шугамыг давж гарч зүрхлэхгүй байгаа ажээ. Хэдийгээр талууд бие биеийгээ аюулаар сүрдүүлдэг ч дараа нь бие биеэсээ болгоомжтойгоор зайгаа барьдаг.

ДОНАЛЬД ТРАМПЫН ХҮЧИН ЗҮЙЛ

Зарим шинжээчид Хойд Солонгосын төлөвлөгөө энэ удаад хэрэгжихгүй хэмээн таамаглаж байна. Учир нь түүнд Дональд Трамп саад болно хэмээн үзжээ. Дональд Трамп энэ удаад хэнэггүй зан гаргасангүй. Тэрбээр гадаад бодлогын асуудалд ингэж логиктойгоор хэзээ ч хандаж байсангүй.

БНАСАУ-ыг тойрсон хурцадмал асуудалд Трамп улаан шугамыг даван гарахад бэлэн гэдгээ харуулсан. Гэхдээ тэрбээр Хятад улс Хойд Солонгостой зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байв. Түүний бодлоор бол Си Жиньпин Ким Чен Ун руу утас цохиж, улмаар Пхеньян цөмийн зэвсгээс татгалзаж, Дональд Трамп агуу удирдагч гэдгээ харуулах боломж байсан ажээ. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Учир нь БНХАУ болон БНАСАУ-ын харилцаа яг л насанд хүрсэн хүн өсвөр насны хүүхэдтэй харьцаж байгаа мэт байдаг.

Хойд Солонгос Хятадаас тусгаар улс гэдгээ тодотгохыг хичээдэг. Жишээлбэл, Японы өндөр албан тушаалтнууд БНХАУ-д айлчлах үеэр пуужингийн туршилтыг зохион байгуулдаг зэргээс харж болно. Пхеньян өөрийгөө ингэж л илэрхийлдэг. Учир нь тэд Бээжин Хойд Солонгосын тогтолцоог дэмжихээ зогсооход бэлэн бус мөн энэ тогтолцооны сүйрэл хятадуудад маш үнэтэй тусна гэдгийг маш сайн ойлгодог.

ЗӨВ ХАРИУЛТ

Хятад улс одоо “Трампын хүчин зүйлд” санаа зовниж байна. Тэд үүнийг Пхеньянд харуулахыг хүсч байгаа ажээ. Үүний нэг тод жишээ нь Хятад улс Хойд Солонгосын нүүрсийг 2017 оныг дуустал худалдан авахаас татгалзсан, мөн нисэх онгоцны тасалбар хангалттай хэмжээнд зарагдахгүй байгаа гэх шалтгаанаар Air China-гийн Хойд Солонгос руу хийх нислэгийг түр хугацаагаар цуцалсан зэргээс харж болно.

Хэрвээ дайн жинхэнээсээ эхэлсэн бол бүгд ялагдах байсан. Хэн ч ялагч болж чадахгүй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэв. Тэрбээр бүх талууд бие биеийгээ аман хэлбэрээр сүрдүүлэхээ зогсоохыг уриалсан ажээ. Мөн Хятад улс албан болон албан бус, хоёр болон олон талт ямар ч яриа хэлэлцээг дэмжих болно гэдгээ илэрхийлсэн юм.

Гэсэн ч Хятад асуудлыг шийдэж чадсангүй. БНАСАУ өнгөрсөн амралтын өдөр сүр жавхлант цэргийн парад зохион байгуулснаас гадна пуужингийн туршилт хийх ёстой байлаа. Энэ туршилтыг Хойд Солонгосын иргэд мэдээгүй байв. Гэхдээ дэлхий мэдэж байсан. Гэхдээ пуужин хөөрч эхлэхдээ дэлбэрч, Хойд Солонгосын туршилт бүтэлгүйтэв.

Үүнтэй холбоотойгоор Дональд Трамп Өмнөд Солонгос болон АНУ Пхеньянд цохилт өгөхгүй, харин асуудлыг стратегийн түвшинд хэлэлцэж, зохицуулах арга хэмжээ авна гэв.

Чухам ямар арга хэмжээ авах нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн Өмнөд Солонгос болон Япон дахь айлчлалын дараа мэдээлэгдэх юм. Талууд цэргийн шинэ сургуулилт болон цэрэг, улс төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ зөвхөн БНАСАУ-аас гадна Хятадын асуудлыг ч авч үзэх ажээ.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж