Өнгөрсөн баасан гаригт Оросын удирдлага өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих газарт нь өгчээ. Төрийн болон засгийн тэргүүн парламентын дарга гурав гишүүдээсээ бага мэдүүлэг өгдөг уламжлалаа хэвээр хадгалав. Засаг баригчид өнгөрсөн таван жилд орлогоо хэрхэн нэмэгдүүлснийг Оросын нэгэн сайт гарган нийтэлсэн байна.
Путин хөрөнгөөрөө сүүл “барив”
Владимир Путин анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд түүний орлого даруухан байжээ. 1999 онд ирээдүйн ерөнхийлөгч 265,7 мянган рубльтэй байж. Тэр нь сонгуульд өрсөлдөгч нарынхаас хамгийн бага байсан юм. Тэр үед Владимир Жириновскийн орлого 10 сая байлаа.
Путин засагт гарч ирээд ч байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Жишээлбэл, тэрбээр таван жилийн өмнө 3,66 сая рублийн орлоготой гэж мэдүүлсэн байлаа. Хүрээлж байсан хүмүүс нь түүнээс хэдэн арван саяар илүү мөнгө олсон байв. Тухайлбал Путины зөвлөх Михаил Абызов 2011 онд 99 саятай байсан бол Хойд кавказын холбооны тойргийн элч Александр Хлопонин нь хагас тэрбум рубль орчмын орлоготой болжээ. Тэр бас Ерөнхий сайдын орлогч байсан юм.
Гэсэн ч Ерөнхийлөгчийн орлого нь энэ таван жилд 8,86 сая рубль болтол өссөн байна. Тэр албан тушаалтнуудын цалинг 2014 онд нэмсний дараа өөрийнх нь орлого гурав дахин нэмэгдсэн ч Кремль дотроо сүүл барьсаар ирэв. Ерөнхийлөгч Москва орчимд газартай, Санкт-Петербургт байр ба жижиг гарааштай гэнэ. Москвад бол улсын байранд суудаг аж. Мөн Путинд хоёр хуучин загварын “Волга”, "Скиф» прицеп, “Нива” жийп байгаа.
Энэ удаад, өнгөрсөн зун Ерөнхийлөгчийн аппаратын орлогч болсон Сергей Кириенко Кремльдээ хамгийн баян хүнээр тодров. Мэдүүлгээс харахад тэрбээр жилдээ 85,5 сая рублийн орлого олжээ. Тэр өнгөрсөн онд Кремльд дөнгөж гурван сар ажиллаж өмнө нь ажилласан “Росатом”-аас гол орлогоо авсан байв. Хэвлэлд бичснээр тэр өөрийн “алтан шүхэр” гэх шагналаа хүүхдийн хорт хавдартай тэмцэхэд зориулжээ.
Хувьгүй Ерөнхий сайд
Дмитрий Медведевын орлого бас л тогтвортой байжээ. Сая гаргасан мэдүүлгээр тэр 8,6 сая рублийн ашиг олжээ. Таван жилийн өмнө тэр 3,37 сая рублийн хөрөнгө байсан бол 2014 онд цалингаа нэмүүлэжд 8.5 саятай болсноос хойш түүний орлого бараг хувирсангүй хэвээр үлджээ.
Харин ч өнгөрсөн оныхоосоо 200 мянган рублиэр хөрөнгө нь буурчээ. Энэ нь хадгаламжийн татвар нэмэгдсэнтэй холбоотой гэж сайт бичжээ. Түүний танхимд ажиллаж буй Экологи, байгалийн нөөцийн сайд Юрий Трутнев 357 сая рубльтэйгээр засгийн газрынхаа гурав дахь баян болжээ.
Медведевийн танхимын хамгийн баян гишүүн нь Хойд кавказын ажил хэргийн сайд Лев Кузнецов болов. Тэр 582 сая рублийн ашиг олсон дүнгээр эхний байрнаас 521 саяын орлоготой Нээлттэй засгийн газрын сайд Михаил Абызовыг шахжээ.
Кузнецов жилийн орлогоо 12 дахин нэмэгдүүлсэн ба яаж хөрөнгөө өсгөсөн тухай мэдээлэл сайтад олдоогүй байна.
Тэрбумын төлөөлөгчид
Оросын парламентын хөрөнгө оруулгын мэдүүлэг засгийн аппаратынхаас харин ч сонирхолтой байв. Тухайлбал, Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко 2011 онд 3,5 сая рублийн мэдүүлэг өгч байсан бол өнөөдөр орлого нь 23 сая болсон байна. Бас түүнд хоёр орон сууц, хоёр зуслан, нэлээд хэмжээний буюу 3,7 мянган кв.м газар, гарааш, машин байгаа гэнэ. Газарт нь хамаатай уулын энгэр түүний мэдэлд байгаа гэнэ.
Хамгийн өндөр орлогыг Камчатскийн хязгаарыг төлөөлсөн сенатор Валерий Пономарев олсон ба тэр нь 2,6 тэрбум рубль болжээ. Харин Төрийн дум нь хөрөнгө орлогын мэдүүлгээ арай хожуу гаргадаг байна. Төрийн дум шинэчлэгдсэн болохоор тэнд сонин тоо гарах байх гэж тус сайт бичжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР