БНАСАУ-ын лидер Ким Чен Ун нийслэлийнхээ төвд богино хугацаанд босгосон гучаад давхартай орон сууцны барилга сүндэрлүүлсэн Рёмнё гудамжны нээлтийг хийлээ. Шинэ гудамжны нээлт өнгөрсөн пүрэв гаригт өргөн дэлгэр болсон байна.
Өглөө эрт Пхеньяны шинэ гудамжны нээлтэд хэдэн арван мянган хүмүүс, оюутан сурагчид төрийн албаныхан, цэргийн албан хаагчид хүрэлцэн ирцгээжээ. Үндэсний хувцастай эмэгтэйчүүд хиймэл кимирсения цэцэг барьцгааж, эрэгтэйчүүд нь зангиа хүрэмтэй, өнгө өнгийн агаарын бөмбөлөг авч явцгаав. Цэргийн хөгжмийн хамтлагууд шинэ гудамжны талбайд тэднийг угтжээ.
Ким Чен Ун өөрөө ёслол дээр ам нээсэнгүй. Гудамжны нээлт дээр тус улсын Ерөнхий сайд Пак Бон Чу мэдэгдэхдээ өөрийн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлж байгаа орны хувьд энэ гудамж зуун цөмийн цэнэгээс ч илүү чухал гэлээ.
Солонгос хэлнээс "рёмён" гэдэг үг нь “Үүрийн гэгээ” гэсэн утгатай. Өргөн гудамжинд орчин үеийн гэгээлэг ногоон цайвар өндөр байшингуудыг босгосон байна. Хүмүүс нь хараахан байрандаа ороогүй ч нээлтийн өдрөөр тагтан дээр нь цэцэг ногоон ургамал харагдаж байв. Шинэ гудамжинд орон сууцнуудаас гадна дэлгүүр, ногоон технологийн хөгжлийн төв байрлажээ. Энэ дүүрэг газрын дулаан болон нарны эрчим хүчээр өөрийгөө хангах гэнэ.
Орон сууцны цогцолборыг жилийн дотор сүндэрлүүлжээ. Тэдний босгоход армийн барилгын сумангууд оролцлоо. Олон сууцны хамгийн өндөр 75 давхар барилгыг дөнгөж 45 хоногийн дотор босгожээ.
Ерөнхий сайдын хэлснээр, Ким Чен Ун төслийг хэрэгжүүлэхэд оролцон ажлын явцыг хянаад зогсохгүй зарим байрны дотор талын дизайныг өөрөө бүтээсэн ажээ.
Нийслэлийнхээ шинэ гудамжны нээлтийг ийм нүсэр хийж, Пхеньяны эсрэг цөмийн хөтөлбөрийнх нь төлөө олон улсын хориг тавигдсан ч Хойд Солонгос амжилттай хөгжиж байна хэмээн харуулахыг БНАСАУ хичээж байгаа юм.
Рёмнё гудамжны нээлтэд Орос, Хятад, Япон, АНУ, Испани, Их Британи зэрэг олон орны сурвалжлагчид уригдан сурвалжилжээ. Тэдний тоо нийт 120 орчим хүн байв.
Энд нүсэр байгууламж босгох төлөвлөгөөг өнөөгийн лидерийн өвөө Ким Ир Сен бодож сэтгэсэн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР