УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсох үед газраа байраар солихоор гэрээ байгуулсан иргэдийн хувьд орон сууц нь ашиглалтад орохгүйгээс айлаар хоног төөрүүлэн хохирч яваа тухай хөндөгдлөө. Энэ асуудлаар гишүүд асуулт асууж хариу авлаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг өмнөх удирдлага эхлүүлсэн. Үр дүн нь юу болж байна вэ гэхээр баахан айлын газар авсан, байшин нураасан, ТҮЦ-ийг нь бас нураасан. Иргэд нь хаана амьдарч байна вэ гэхээр ах дүү нараараа тойрч явна. Түрүүчээсээ ад үзэгдэх маягтай болсон. Байшин баригдаж байна уу гээд байсхийгээд очиж хардаг, газар л ухаад хаясан. Миний тойрог болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд ийм хоёр газар байна. ажлаа хийхгүй байгаа компаниудыг яах вэ. Гүйцэтгэгчийг нь солих юм уу, хөрөнгө гаргаж дуусгах юм уу. Иргэд дөрвөн жил айлаар явсан байна, нөхөн төлбөр өгч байсан ч зогсох тал руугаа явж байгаа гэх.
Нийслэлийн хэмжээнд 152 хороонд концессоор цэцэрлэг, сургууль барина, газрыг нь шийдсэн үү. Ууланд цэцэрлэг барьж хэрэггүй, төвд нь барих хэрэгтэй?
Хотын дарга С.Батболд:
-Чингэлтэй дүүргийн 15, 16 хороонд дахин төлөвлөлт эхлүүлсэнтэй холбоотойгоор бодит байдал ийм л байгаа, та яг голоор нь хэллээ. Ажил хийхээр хоттой гэрээ байгуулсан компани нь 6-8 тэрбумын санхүүжилт авчихсан байдаг. Оруулсан хөрөнгө оруулалтыг яаж авах вэ гээд бөөн асуудал тавигдаж байна. Ийм учраас нийслэл Барилга хот байгуулалтын яамтай хамтраад ард нь гарна. Нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал учраас.
21 айл хүнд байдалд байгаагаас нэг нь өргөдөл өгсөн юм байна, манайд. Тийм учраас түрээсийн байранд хамруулахад анхаарал хандуулъя, ийм хүмүүсийг хотод ханд гэж зөвлөх байна.
Улаанбаатар хотын хэмжээнд бага сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр барихаар болсон нэг компани бий, 72 байршилд нэгэн зэрэг ажлаа эхлүүлнэ гэсэн. Итгэл үнэмшил муутай байсан учраас шүүхэд хандсан, гэхдээ Засгийн газраас нөхөн төлбөр шаардсан учраас шүүхийн шатанд эвлэрсэн. Өмнөх удирдлагын үед шийдсэн асуудал. Гэхдээ буцах боломжгүй, үргэлжлүүлнэ. Одоогоор 10 газар шийдэгдсэн байгаа, гэр хорооллын төв хэсэгт цэцэрлэг барихад 3-4 айлын хашаа чөлөөлөх шаардлагатай байдаг.
Газар чөлөөлөлтийн зардлыг хотоос гаргаад явна. Жил бүрийнхээ төсөвт хөрөнгө суулгадаг. Энэ жил 5 тэрбумыг газар чөлөөлөлтөд зарцуулна.
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуулга тавьсан бөгөөд эцэст нь дүгнэлт болгож, анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, агаарын бохирдол хамгийн их байгаа бүсийн оршин суугчдыг дахин төлөвлөлтөд хамруулж, газрыг нь байраар солих ажлыг хийх.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөрдөж ажиллах, бохир усны асуудлыг шийдвэрлэх.
Хотын төвөөс зайдуу газар хямд үнэтэй орон сууц барих, хямд орон сууц барьж, бага орлоготой иргэдээ хамруулж, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах шаардлага байна гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Г.ДАРЬ