Дэлхийн зарим орнуудын адил Өмнөд Солонгос улс ажлын дөрвөн өдөртэй болж магадгүй гэнэ. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мун Жэ Ин ялалт байгуулж, Хөх ордны тэргүүн болбол Өмнөд Солонгосыг ажлын дөрвөн өдөртэй болгохоор амлажээ. Тэрбээр Чунжу хот дахь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани 2010 онд ажлын цагийг долоо хоногийн дөрвөн өдөр болгон бууруулсны дараа борлуулалт 20 хувиар өсч, ажилчдын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн туршлагад тулгуурласан аж.
Нэр дэвшигч Мун Жэ Ин “Би долоо хоногийн ажлын цагийг 52 цаг болгон бууруулснаар 500 мянган ажлын байр шинээр бий болгоно. Одоогоос 13 жилийн өмнө Өмнөд Солонгост ажлын таван өдрийг бий болгоход хэвлэл мэдээлэл үүнийг эдийн засгийг сүйрүүлнэ хэмээн ярьж байсан. Гэтэл одоо манай улсын эдийн засаг сайжирч, иргэдийн амьдрал дээшилснийг та нар харж байна” хэмээн мэдэгджээ.
Өмнөд Солонгосын өнгөрсөн гуравдугаар сард аж үйлдвэрийн ирээдүй, ажлын байрны чанарын талаарх Үндэсний ассамблейд форумд 2020 он гэхэд жилийн ажлын цагийг 2113-аас 1800 болгох тухай яригдсан аж.
Герман болон Япон улсад ажлын дөрвөн өдөртэй байх нь түгээмэл. 2015 оны байдлаар германчуудын жилийн ажлын цаг 1371 байсан нь Европын холбооны гишүүн орнуудынхаас хамгийн бага аж. Германд цагийн ажлын хөлс 32 ам.доллараас дээш байдаг бол Өмнөд Солонгост 15 ам.доллар аж.
Эх сурвалж: The Korea Times
Б.ТУЯА