Монголын боксын холбооны шигшээ багийнхан өнгөрөгч долоо хоногт Тайландын Бангкок хотноо болсон Эзэн хааны цомын нэрэмжит сонирхогчдын боксын тэмцээнд оролцсон билээ. Тус тэмцээнд манай долоон боксчин тулалдсанаас Гавьяат тамирчин Д.Отгондалай алт, Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн. Тэмцээний шагналын сан 100 мянган ам.долларт багтсан бөгөөд манай баг тамирчид багийн дүнгээр IV байрт шалгарч, 7,5 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.
Дэлхийн шилдэг багууд уригдан оролцдог Тайландын эзэн хааны цомын нэрэмжит тэмцээнд 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Ж.Отгонжаргал нар тулалдсан юм. Энэ удаагийн баг тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Н.Мөнхсайхан, зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди нар ахалсан.
Ч.БОЛ