Эрдэмтэд илүүдэл жингээс салах энгийн бөгөөд үр дүнтэй аргыг олон жилийн турш эрэлхийлж буй юм. Харин Хятадын Харбины Анагаахын их сургуулийн эрдэмтэд янз бүрийн хоолны найрлага судалж, юуг идэж болох хийгээд болохгүйг эрж хайж, элдэв жор санал болгохын оронд хоолоо сайн зажилж идэхийг зөвлөх болжээ.
Турахыг хүсч буй бол амандаа хийсэн хоолоо дор хаяж дөч зажилж байж залгих хэрэгтэй гэнэ. Ингэх нь идэж буй зүйлийнхээ илчлэгийг 12 хувь бууруулах бөгөөд үр дүнд нь жингээ хасах боломжтой аж. Гэхдээ энэ бол хоосон санаанаас гарсан дүгнэлт биш бөгөөд эрдэмтэд үүнийгээ батлахын тулд хийсэн туршилтдаа тарган 16, туранхай 14 оролцогч сонгож авчээ. Тэдэнд амтат боов өгөөд идэж байх үеийг нь нэг бүрчлэн хальсанд буулгасан гэнэ. Эндээс тарган хүмүүс туранхайчуудаас хамаагүй хурдан идэж байсан нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Тиймээс дараагийн удаа өгсөн амтат боовноос хазсан хэсгээ хамгийн багадаа 15 зажилж байж залгихыг хүссэн байна. Үүний дараа 40-өөс цөөнгүй удаа зажилах даалгавар өгчээ. Ингэж үзэхэд хүний ходоодонд орж байгаа боовны илчлэг даруй 11,9 хувиар буурч буйг тогтоосон байна. Олон удаа давтаж бас хэмжиж хийсэн эл судалгааныхаа үр дүнг хоолыг удаан зажилж идэх нь илчлэгийг бууруулахаас гадна тархинд ходоодноос очих дохионд нөлөөлж, өлсөх үед ялгардаг дааврыг багасган бага идэхэд хүргэдэг сайн талтай хэмээн тайлбарлажээ.