…Зэвсэгт хүчинд ойр ойрхон тохиосон дээрх хоёр ослоос үүдэн Тавантолгойд явагддаг байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх шийдвэрийг Батлан хамгаалах яамны сайдын зөвлөлөөс гаргажээ. Одоогоор хэн нэгэн албан хаагчид энэ хэрэгт хариуцлага хүлээгээгээгүй байна. Ёс зүйн алдаа гаргах, авлига хээл хахуульд нэр холбогдох төдийд сайн дураараа ажлаа өгдөг жишиг гадаадын олон улс оронд бий. Харин манайд албан хаагчид нь амь нас, эрүүл мэндээрээ хохирчихоод байхад ч бурууг өөртөө тохохыг огтхон ч хүсэхгүй байгаа нь харамсалтай.
Сүүлд гарсан ослын улмаас амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байжээ. Хүний нутаг, дайны талбараас энх тунх ирсэн хоёр сайхан дайчнаа зэвсэгт хүчин алдлаа. Тэдний дайтай дайчин бэлтгэх гэж улс орон цаг багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах нь тодорхой. Ар гэрт нь нөхөж барамгүй хүнд гарз тохиолоо. “Аав шигээ цэргийн дарга болно” гэж мөрөөдсөн бяцхан хөвгүүд, ханиа хүний нутгаас тосч баясаж байсан гэргий, хүүгээ үнсэх гэж хүлээсэн ижий өнчирч хоцорлоо.
Туршлагатай ахлагч нар өртсөн уг ослоос үүдэн олон асуулт хариу нэхэж байна. Энхийг сахиулах ажиллагаанаас ямагт өндөр үнэлгээ авч ирсэн манай Зэвсэгт хүчинд хэрэглэж буй зэвсэг техник, байлдааны хэрэгслүүд олон улсын төвшинд нийцсэн орчин цагийнх байж чаддаг уу. Аль эрт үеэ өнгөрөөсөн Оросын техник хэрэгслийг ашиглаад байдаг юм биш биз гэсэн хардлага олны дунд байна.
Зарим нэг тэрс үзэлтнүүд “Монголд зэвсэгт хүчин хэрэггүй. Хүчирхэг хоёр хөрш байхад Зэвсэгт хүчин бэлтгэж өдий төдий зардал мөнгө татвар төлөгчдийн халааснаас урсгасаар байгаа нь буруу” гэсэн саналыг ч дэвшүүлжээ. Улсын нууц гэх нэрийн дор Монгол Улс хэдий хэрийн хөрөнгө мөнгийг Зэвсэгт хүчинд зориулдаг хийгээд хилийн цэрэг, дотоодын цэргүүд хэд хэчнээн хүний бие бүрэлдэхүүнээс бүрддэг нь нууцлагдсаар өдий хүрсэн. 200 гаруй тэрбумаар хэмжигддэг Батлан хамгаалах салбарын төсөв жил тутамд буурч, алба хаагчдын хувцасны зардлыг төр даахаа больсон гэх гомдлыг салбарын сайд тавьж байсан нь саяхан. Энхийг сахиулагчдын урамшууллаас хувцасны зардлыг гаргахдаа тултлаа төр улс маань хямарчихаад байгааг салбарын сайд тодотгосон байна.
Гэвч…Хямарлаа, доройтлоо гээд хилээ задгай хаяхгүй нь тодорхой. Цэрэг армигүй улсыг тусгаар улс гэхэд ч бэрх биз. Хэдийгээр буу шийдэм, жад сэлэм бариад дайтдаг цаг ард хоцорсон ч “Улсын сүр нь цэрэгтээ” гэдэг үг хуучрах болоогүй байна. Харин зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд байнга сонсогддог дэглэлт, шийтгэл, ойр ойрхон гарч буй осол аваарыг анхааралдаа авч, хатуу чанд хариуцлагыг доороос дээших бүхий л албан тушаалтанд авахгүй бол цэргийн ангийг зорих хөвгүүдийн тоо буурч мэдэх нь. МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” кино дэлгэцээр цацагдсаны дараа цэрэгт татагдах эрчүүдийг тоо эрс нэмэгдсэн гэдэг. Харин ойрмогхон тохиосон осол аваараас болж олон эцэг, эх хүүгээ цэргийн албанд мордуулах бодлоо орхиход хүрч байна. Айл болгон эрх танхи ганц хоёрхон хүүхэдтэй. Амь шигээ хайрлаж өсгөсөн хүүгээ эрүүл саруул, эсэн мэнд эргэж ирэх баталгаагүй энхийн манаанд илгээх зориг дутах нь аргагүй.
Эр цэрэг, тэдний ар гэрийнхэнд төрсөн энэхүү айдсыг үргээж, зэвсэгт хүчнээ бэхжүүлье гэвэл алдаа эндэгдлийн буруутанг тогтоож, хариуцлага тооцох нь хамгийн эхний алхам байх биз ээ. Ар араас нь зэвсэгт хүчинд тулгамдсан олон асуудлыг улсын нууц гэх нуувчнаас гаргаж, тодорхой шийдэл гаргах цаг болжээ. Эс тэгвээс энэ хаврын цэрэг татлагаас эхлээд ээжүүд “Би хүүгээ цэрэгт мордуулахгүй. Улс хүүг минь хамгаалахгүй юм байна” гэвэл яах вэ.