Энэхүү хагалгаанд, эмзэг бүлгийн өндөр настай 25 хүнийг оролцуулахаар бэлтгэсэн боловч эхний ээлжинд 20 хүнд хагалгаа хийхээр сонгож авчээ. Гэвч манай улсын “Монос” эмийн компанийн хангалтын асуудлаас болоод эм тариа бусад тоног төхөөрөмж дутагдалтай байсны улмаас 4 хүнд хагалгаа хийсэн байна.
Хараа ороод удаагүй байгаа Мөрөн сумын өндөр настан Г.Цэрэнбанзрагч, Баянхмөнх сумын С.Цэндсүрэн, Батноров сумын С.Лхамжав, Норовлин сумын Б.Мөнхболд нар Америк, Монгол эмч нартаа баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Г.Цэрэнбанзрагч: “Нүд маань болорын цайралттай гэсэн оноштой, бараг юм үзэхээ болиод байсан. Ач буянтай эмч нарын хүчээр хараатай болоод баярлаж сууна. Биднийг сонгож, хагалгаанд оруулахад их хүчин чармайлт гаргасан Н.Орхончимэг эмчдээ баярлаж байна. Тэгээд гадны эмч нар, тэр тусмаа аймагт маань ирээд биднийг хараатай болгосонд баярлаад хэлэх үг олдохгүй байна. Буян нь дэлгэрч олон хүнд тус хүргэж яваасай гэж хэлмээр байна” гэсэн бол Б.Мөнхболд “Би хараагүй, хүнээр хөтлүүлээд зургаан жил болсон. Одоо энэ эмч нарынхаа хүчээр гэгээ харж суугаадаа туйлын баяртай байна, Баярлалаа гэж олон дахин хэлмээр байна” гэв.
Эдгээр настангууд 51-88 насны хүмүүс байв. Үүнээс гадна нүдний салстын ургалтаас үүдсэн эмгэг буюу нүдний мах хусах энгийн хагалгааг 5 хүнд хийжээ. Ийнхүү өнгөрсөн сарын 18-23 ны өдрүүдэд “Номхон Далайн Элч – Монголд”, үйл ажиллагаа Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Анх удаагаа Монгол оронд зохиогдож буйгаараа онцлогтой төдийгүй зовсон хүмүүсийг хараатай болгож, хүмүүнлэгийн ажил нь ийнхүү амжилт дагууллаа.