Булган аймгийн Тэшиг сумын хаан банк шатжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Тэшиг сумын хаан банк шатжээ

Булган аймгийн Тэшиг сумын Хаан банк энэ сарын энэ сарын 2-ны шөнө шатжээ. Тус сумын Хаан банк модон байшинд үйл ажиллагаагаа явуулдаг байсан ба суманд гал унтраах тусгай анги байдаггүйн улмаас бүхэлдээ шатсан байна.  Булган аймгийн Цагдаагийн хэлтэстэй утсаар холбогдон тодруулахад, “одоогоор галын шалтгаан нөхцөл тодроогүй, газар дээр нь ажлын хэсэг ажиллаж байгаа. Булган аймгийн Хаан банкны захирал Тэшиг сумыг зорьсон. Албаны хүмүүс маргааш ирэх байх. Тэр үед л мэдээлэл өгөх боломжтой “ хэмээв. Харин Булган аймгийн онцгой байдлын газартай холбогдоход, “Гал шөнө дунд иргэдийг унтаж байхад гарсан учир юунаас гал алдсаныг хэлэх боломжгүй. ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгээс галын тусгай шинжээч ирсэн ажиллаж байгаа аж. Мөн Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаагч, тус аймгийн онцгой байдлын газраас дөрвөн албан хаагч ажиллаж байна. Хаан банкны хохиролыг банкныхан өөрсдөө тогтоох байх. Галын тархалт их байсан учраас Хаан банкны дотроос ямарваа нэгэн эд зүйл авах боломж байгаагүй, шатаад дууссан” хэмээв. Хаан банкнаас энэ талаар тодруулахаар  Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Цолмонбаяртай холбогдох гэсэн ч утсаа авсангүй. Түүний утсанд холбож өгсөн Хаан банкны оператор бүсгүй, ”өнөөдөр Цолмонбаяр ажилдаа ирэхгүй, өөр мэдээлэл өгөх хүн алга” хэмээв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж