Хохирогчийн хамар хугарч, шүд унажээ

Хуучирсан мэдээ: 2017.04.14-нд нийтлэгдсэн

Хохирогчийн хамар хугарч, шүд унажээ

АНУ-ын агаарын тээврийн United Airlines компанийн хамгаалалтын ажилтнууд өнгөрсөн ням гаригт онгоцонд суудлаа эзэлчихсэн байсан зорчигчийг хүч хэрэглэн гаргаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарснаар том дуулиан тарьж, шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл Чикаго хотоос Луйсвилл хүрэх онгоцноос хүчгүйдэн буусан зорчигч болох Вьетнам эмч нүүрэндээ хүнд гэмтэл авсныг өмгөөлөгч Томас Дэвид мэдээлсэн байна. Хүч хэрэглэх үеэр 69 настай Дэвид Даогийн хамар хугарч, үүдэн хоёр шүд нь унаж, тархи нь хөдөлсөн аж. Дао эмч онгоцонд болсон хэрэг явдлыг тодорхойлохдоо “1975 оны Вьетнамын дайнаас завиар тэнгисийг туулан дүрвэж байснаас ч илүү аймшигтай санагдсан” хэмээсэн байна.

Эмчийн охин Кристал Дао Пеппер

Хэрэг явдлын дараа дэлхийн өнцөг булангаас эмчийг сэтгэл санаагаар дэмжиж, залбирсан хүмүүсийн ачаар аавынх нь бие сайжирч байгааг  охин Кристал Дао Пеппер Чикаго хотод болсон хэвлэл ийн хурлын үеэр ярьсан байна. Хэдийгээр Дао эмч эмнэлгээс лхагва гаригт гарсан боловч хамар болон шүдний мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.

Дао эмч эхнэр, ач зээ нарын хамт

Эмчийг хүч хэрэглэн онгоцноос буулгасан хэрэгт хамгаалалтын гурван ажилтан ажлаасаа халагдаж, United Airlines компанийн захирал уучлал гуйснаар намжсан юм. Эхнэр Терезагийн хамтаар Калифорнид амраад буцаж явсан эмчийн нэр санамсаргүй байдлаар сонгогдсон зорчигчдын дунд байсан ч тэрбээр маргааш өглөө нь ажилтай тул онгоцноос буухаас татгалзсанаар дээрх хэрэг болсон билээ. United Airlines компанийн тус нислэгт зорчигчдыг суулгасны дараа нисэх багийн хэдэн гишүүн явах болсноор дөрвөн суудал чөлөөлөх шаардлагатай болсон аж. Тэдний хүсэлтээр хоёр зорчигч сайн дураараа онгоцноос буусан ч дахин хоёр зорчигчийг буулгах хэрэгтэй байсан тул санамсаргүй байдлаар нэр сонгосон байж.  

Эх сурвалж: Dailymail.co.uk

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж