Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд 416 шүүхийн иргэдийн төлөөлөгч, 114 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, 121 төрийн байгууллагын төлөөлөл, 77 төрийн бус байгууллага, судлаачдын төлөөлөл, 152 дүүргийн хороодын төлөөлөл нийт 880 хүн оролцож байна.
Энэхүү зөвлөгөөнөөр Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2012 онд батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн төлөөлөгч оролцуулах тогтолцооны өнөөгийн байдал, сайн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам зэргийг хэлэлцэж байна.
Зөвлөгөөн нь “Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Уламжлал ба өнөөгийн байдал”, Шүүн таслах ажиллагаан дахь иргэдийн оролцоо-Хөгжлийн хандлага” гэсэн үндсэн хоёр сэдэвтэй.
Монгол Улсын хэмжээнд анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн шүүх хуралдаанд 2015 онд 3368 иргэдийн төлөөлөгч, 2016 онд 4567 иргэдийн төлөөлөгч тус тус оролцсон байна.
Ингээд шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн байр суурийг тодрууллаа.
-Энэхүү зөвлөгөөн ач холбогдол өгч байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нар хариуцлагатай үүрэг хүлээдэг. Би 2014 оноос хойш шүүхийн иргэдийн төлөөлөгч хийсэн. Цаашид иргэдийн нэгэнт төлөөлж байгаа юм чинь зөв шударга хүнээ сонгох ёстой. Түүнээс санамсаргүй түүврийн аргаар сонгоод хүн бүрийн оролцуулах нь зохимжгүй гэж би хувьдаа боддог. Шүүх хуралдаанд хувь хүний нууцтай холбоотой маш олон хэрэг сөхөгддөг. Иймд төр засаг анхаарч хуульд өөрчлөлт оруулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг сонгохдоо анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
-Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцсоноор хэрэг шийдвэрлэх явцад дөхөм болж байгаа гэж боддог. Бид хуулийн чиглэлийн мэргэжлийн бус хүмүүс. Миний хувьд нэлээд хэдэн шүүх хуралд оролцсон. Эхлээд учраа олдоггүй байсан. Одоо бол дадлага, туршлагатай болж байна.
Т.ДАВААНЯМ