“Уучлаарай, цагаан байр төлөвлөлтөд ороогүй”

Хуучирсан мэдээ: 2017.04.14-нд нийтлэгдсэн

“Уучлаарай, цагаан байр төлөвлөлтөд ороогүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд хот хэрхэн ажиллаж байгаа талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил ямар ажил хийх, Да хүрээ техникийн захыг нүүлгэн шилжүүлэх чиглэлээр ямар төлөвлөгөө байна вэ гэдэгт хариулт хүслээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын тайлбараар бол газар гэсэнгүүт нийслэлийн гэр хорооллын 00-ыг ариутгах ажлыг хөрөнгө гарган шийдвэрлэх юм байна.

“Да хүрээ” техникийн авто зах нь хөрсний бохирдлоос илүү хүчтэй химийн бодисоор бохирлогдсоноос тэнд ажиллаж байгаа иргэд, мөн орчин тойрныхныг хордуулах болсон аж. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хот УИХ-тайгаа ярилцаж шийдэл гаргана. Үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хохироохгүй байдлаар шийдэх гэнэ.

“Да хүрээ” техникийн захыг анх орон сууц барих зориулалтаар газрын зөвшөөрөл авсан байдаг аж.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хот энэ онд дэд бүтцийг шийдвэрлэхэд 70 тэрбум төгрөг  суулгасан байна. Үүнээс хэд нь Чингэлтэй дүүргийн дэд бүтцийг шийдвэрлэхэд зарцуулагдах вэ.

Чингэлтэй дүүргийн 7-11 хороодод “Өндөр буянт”, “Эрэл” зэрэг компаниуд иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, газрыг нь орон сууцаар солихоор болсон ч ажил нь эхлээгүй, гэрээгээ цуцалъя гэхээр өгдөггүй юм байна. Ийм компаниудад хот ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Дэнжийн 1000-ын цагаан байранд хүн амьдрах боломжгүй болсон байна. Хөрсний бохирдол асар өндөр болсон, оршин суугчид нь өвчлөмтгий болсон. Энэ онд цагаан байрны асуудлыг шийдвэрлэх үү.

Есдүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барих бүрэн боломжтой, газар нь байгаа. Энэ ажлыг 2017 ондоо багтаан эхлүүлж дуусгаж өгөөч, энэ онд баригдах уу. Азийн хөгжлийн банк, Хятадын зээл, Туркийн хөрөнгө оруулалтаар орон сууц барина гэдэг мэдээлэл бий. Хэдий хэмжээний хөрөнгөөр орон сууц барих юм бэ. Түрээсийн орон сууцтай холбоотой гомдол их ирэх боллоо. Түрээсийн байранд хамруулахаар жил гаруйн өмнө нэр авсан, гэтэл ТОСК ажиллахгүй байна гэх. Юунаас болоод ажил саатав?

Хотын дарга С.Батболд: Чингэлтэй дүүрэгт “Асар өргөө”, “Сутай”, “Бармон”, “Эрэл”, “Өндөр буянт” зэрэг компаниуд дөрвөн талбарт орон сууц барихаар оршин суугчидтай гэрээ байгуулсан. Гэхдээ ажил нь тодорхойгүй зарим компаниуд байгаа учраас хот гэрээг цуцална.

Ногоон нуурын дэнж дээр Хятадын хөрөнгө оруулалтаар орон сууц барина. Нийт 50 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон, гэрээнд гарын үсэг зурсан байгаа. 1000 айлын орон сууц баригдана, 40-60 м кв байрыг ашиглалтад оруулна. Газрыг нь орон сууцаар солино.

Ерөнхий сайд, Барилга хот байгуулалтын сайдтай энэ асуудлаар ярилцаад явж байгаа.

Хот бие даагаад Азийн хөгжлийн банкнаас зээл авч,  Сонгинохайрхан дүүрэгт 250 ортой орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг бариулна. Ажил нь энэ жил багтаж эхэлнэ. Дээр нь таван газар өрхийн эмнэлэг барина. Туркийн хөрөнгө оруулалтаар барина.

Уучлаарай, энэ жил Дэнжийн 1000-ын цагаан байр газар төлөвлөлтөд ороогүй, ирэх жил ороод явна.

43 дугаар цэцэрлэг дээр нэг асуудал гараад байна. Хариуг удахгүй өгнө.

Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: ТОСК-ийн хувьд нийслэлийн хэмжээнд  200 айлын орон сууц байгаа. Биднийг ажил авахаас өмнө иргэдээс материал авчихсан юм билээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь зорилтот бүлэг рүү чиглэх учраас ТОСК ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл энэ бүхэндээ квотын зарчмаар хуваарилалт хийхээр ажиллаж байна. Иргэдтэйгээ байнга уулзаж байна хэмээн хариулав.

Чуулган үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж