БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг энэ сарын 10-ны өдрөөс авч эхэлсэн. Шалгалтыг өдрийн гурван ээлжээр авч байгаа бөгөөд нэг ээлждээ 37 хүн, нийтдээ 111 хүнээс нэг өдөрт шалгалт авах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэсэн хэдий ч шалгалтын ирц бүрэн гүйцэхгүй байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар “HRD Korea” компанийн мэргэжилтэн С.Эрдэнэбулган “Шалгалтад бүртгүүлсэн иргэд хуваарьт цагтаа огт ирэхгүй байна. Ер нь бол ирц маш бага байгаа. Яг хуваарийн дагуу ирж шалгалтаа өгөхгүй бол дахин нөхөж оруулна гэж байхгүй” гэлээ. Түүний хэлснээр нэг ээлжид ойролцоогоор 27 хүн шалгалт өгч байгаа нь 70 хувийн ирцтэй байна.
Мөн өөрийн оронд өөр хүн оруулах тохиолдол мэр сэр байгааг тэд хэлж байна. Хэрэв Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад өөрийн оронд хүн оруулсан нь бичиг баримтаар батлагдвал шалгалт өгөх эрхийг гурван жилээр хасаж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Үүний хажуугаар “БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө, нэрийг нь Солонгосын Хөдөлмөрийн бирж дээрээс татуулна, түргэн явуулж өгнө” гэх мэт залилангийн хэрэг тасрахгүй байгаа юм байна. Иймээс иргэн таныг энэ мэтчилэн гэмт хэргийн шинжтэй асуудалд сэрэмжтэй хандахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас анхааруулж байна.
Г.ТҮШИГ