УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцсон юм. Тэрбээр батлан хамгаалах салбарын удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Энэ талаар хэлэхдээ “Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа доголдсоноос болж энэ салбарт алба хааж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Өнгөрсөн долоо хоногт юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь өвлийн хүйтэнд урт хугацаагаар гадаа зогсоосны улмаас хөл гараа тайруулсан байна. Энэ салбар юу болоод байна вэ гэдэг дээр Ардчилсан намын бүлэг анхаарал хандуулж байгаа. Б.Бат-Эрдэнэ гэдэг Батлан хамгаалахын сайд байдаг. Бөхийг сайд болгосон. Батлан хамгаалахын салбарыг МАН-ынхан бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаараа хохирч, эрсдэлд орж байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутагдаж байна гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна. Тиймээс батлан хамгаалах салбарын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх чиглэлийг Ерөнхий сайдад бүлгийн зүгээс өгч байна. Хариуцлага алдсан нөхдөд хариуцлага тооцож ажиллахыг Ардчилсан намын бүлэг шаардаж байна” гэв.
Т.НОМИН