Бяцхан багачуудын урласан “Хүслийн хавар” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг БНСУ-ын Элчин сайдын яамны байранд дэлгэн сонирхуулж байна. Дөрөвдүгээр сарын 18, 19-нд буюу хоёр өдрийн хугацаанд үргэлжилнэ.
Уран зургийн үзэсгэлэнг БНСУ-ын Элчин сайдын яам, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран зохион байгуулж байна.
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Т.Нурмаажав удирдсанаар 30 хүүхдийн 90 бүтээлийг сонгон, олон нийтэд сонирхуулахаар бэлтгэжээ. Хүүхдүүд гол төлөв үндэсний өв уламжлал, ёс заншил, түүх соёлоо харуулсан зураг зурсан байв. Уг арга хэмжээг 2014 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
Хүүхдийн бүтээл, хүүхдийн ертөнц өнгө будаг, өгүүллээрээ хамгийн шударга, үнэнийг өгүүлдэг. Бяцхан зураачид дотроо юуг төсөөлж, зургаа зурсан талаараа ингэж ярилаа.
-Зургадугаар сарын 1, хүүхдийн баяр болох гэж байгаа учраас “Нарны хүүхдүүд” гэдэг зураг зурсан. Маш их бодож байж зурсан. Хүүхдүүд гар гараа бариад, бөмбөрцөг тойрсон байгаа нь дэлхийн бүх хүүхдүүд баяр хөөртэй, эрүүл энх байгаасай гэсэн хүслээ илэрхийлж байгаа юм.
-Хүүхдүүд үргэлж үлгэрийн баатруудад дуртай байдаг. Эрэгтэй хүүхдүүд ялангуяа хүүхэлдэйн киноны баатрын дүрд хайртай. Тэдэнд энэ зургаа зориулсан. Зурган дээрээ өдөр, шөнө хоёрыг дүрсэлсэн. Яагаад гэвэл хүүхдүүд шөнө ч, өдөр ч хүүхэлдэйн кино үзэхээс татгалздаггүй учраас.
-Зургаараа Монголын газар нутаг хэчнээн сайхан, баялаг болохыг илэрхийлэх гэж зорьсон. Мөн байгаль дэлхийгээ үргэлж хайрлаж яваарай гэж уриалж байгаа юм. Би зун аав, ээжтэйгээ зугаалдаг. Тэр үед энэ зургийг зурах санаа төрсөн. Гэр бүлийнхэнтэйгээ аяллаар явах дуртай. Дорноговь, Хөвсгөл аймагт очиж байсан. Надад их сайхан санагдсан.
Сэтгүүлч Т.ДАВААНЯМ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ