Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглах, удирдах журмын 2.3-т Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлалыг гурван жил тутамд шинэчлэхээр заасны дагуу энэ онд дахин мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулсан билээ. 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн өглөөний 09:00 цагт судалгааны ажлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18:00 цагт дуусгасан.
Энэхүү судалгааны ажил Говьсүмбэр аймагт хэрхэн явагдсан талаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Өрхийн нэгдсэн мэдээллийн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Ч.Сугармаагаас тодруулахад, тэрбээр “Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаа Говьсүмбэр аймагт явагдаж, судалгаанд нийт 3467 өрх хамрагдсан. Энэхүү судалгаанд урьдчилсан тоогоор аймгийн хэмжээнд 3329 өрхийг хамруул гэсэн чиглэл ирсэн.
Тэр дагуу 3329 өрхийг бүрэн хамруулж, өнөөдрийн /2017.04.14/ байдлаар 3467 өрх хамрагдчихаад байна. 99.8 хувьтайгаар судалгааны ажил явагдаж дууссан. Мөн манайд дөрвөн шивэгч 14 хоногийн хугацаатай ажиллаж байгаа. Айл өрхөөс авсан асуулгын хуудсуудыг шивэх, алдаа болон засварыг нь хийж байна. Ер нь аймгийн хэмжээнд 17 тоологч, зургаан жолоочийг гэрээгээр 10 хоног ажиллуулж, судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулаад дуусч байгаа. Говьсүмбэр аймгийн хэмжээнд өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд үндэслэгдэж, тухайн өрх иргэнээс асуулгын маягтаар авсан судалгаанд үндэслэж, өрхийн оноо бодогдоно. Судалгаа программд шивэгдээд, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт нэгтгэгдэж, оноо нь бодогдоно. 2017 оны зургадугаар сарын дундуур гэхэд өрхийн оноо бодогдож дуусна” хэмээн мэдээлэл өгсөн юм.
ЭХ СУРВАЛЖ: GOVISUMBER.GOV.MN