
Энэ хэргийн талаар мэдэлэл сонссон Сонгинохайрхан дүүргийн иргэн өндөр настан А.Цогоо АТГ-ын өмнө суулт хийж байгаа аж. Өндөр настанг дэмжсэн 20 орчим хүн “АТГ-ыг цэвэрлэе. Э.Амарбатыг зайлуул” гэсэн лоозон барьсан байлаа. Өндөр настан А.Цогоотой уулзаж яагаад ийм суулт хийж байгаа талаар тодрууллаа.
-Та өмгөөлөгч С.Ганчимэгийг таньдаг уу. Яагаад ийм суулт хийх болов?
-Яагаад гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би тэр эмэгтэйг мэдээлэл хийж байхад нь зурагтаар л харсан. Огт танихгүй. Эмэгтэй хүний ингэж гутан доромжилж байхад яаж дуугүй суух билээ.
-Та доромжилж байгааг нь харсан юм уу. Хүмүүс тухайн зүйлийнхээ талаар баримттай мэдэж, хууль бус үйлдлийг эсэргүүцэж жагсдаг ?
-Тухайн бусармаг үйлдлийг хараагүй ч тэр эмэгтэй зурагтаар худал зүйл ярихгүй шүү дээ. Бид нэгнийхээ төлөө ингэж тэмцэхгүй бол болохгүй болж гэдгийг би сайн ойлгосон.
-Энэ хүмүүс хаанаас ирсэн юм бэ. Ихэнх нь залуухан хүмүүс байна?
-Би анх энэ мэдээг зурагтаар үзээд лоозон хийлгэж АТГ-ын өмнө зогссон. Гэтэл төрийн тусгай обьектод халдаж болохгүй гээд ойртуулахгүй байсан. Тиймээс бид замын урд хэсэгт зогсч байна. Энэ хүмүүс энүүгээр явж байгаад бидний эсэргүүцлийг хараад дэмжиж ирсэн. Санаа сэтгэлээрээ нэгдсэн жирийн хүмүүс.
-Суултыг хэн хаанаас хэн зохион байгуулж байгаа юм бэ?
-Биднийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай болон Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын үгээр ийм зүйл хийж байгаа гээд байгаа юм. Бид тэр хүмүүсийг зурагтаар л хардаг.
-Эдгээр залуус ажилгүй юм уу. Өдөржин энд зогссон гэж байх юм?
-Бүгд л ажил амьдралтай хүмүүс. Шударга үнэний төлөө энд байгаа юм.
“Жирийн иргэн хүчингийн хэрэгт нэр холбогдсон л бол шууд ажлаас нь халж хорьдог. Харин комиссар хүнд хууль хэрхэн үйлчилдэг болохыг бид харах гэж байгаа юм” гэж суулт хийж байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Байгаль,Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Гантуяа нар ярьж байлаа.
Тэдгээр иргэд суулт хийх зохих зөвшөөрлийг дүүргийн Засаг даргаас авсан гэнэ. Мөн дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн аж. Иргэн А.Цогоо АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Э.Амарбатыг ажлаас нь түдгэлзүүлж өгөхийг хүссэн бичиг хүргүүлсэн ч хариу өгөхгүй байна гэж ярьж байлаа.
Хорь хүрээгүй бололтой нэгэн охиноос ямар учраас, юуны төлөө энд байгаа, дэмжиж байгаа С.Ганчимэгийг таньдаг эсэхийг асуухад “Мэдэхгүй байж л бай гэсэн” гээд нүүрээ дарж зугтсан. Тэдгээр иргэд өглөө 09.00 цагт ирж ажлын цаг дуустал сууж байгаа ч АТГ болон Прокурорын дэргэдэр Мөрдөн шалгах алба мэдээлэл өгөхгүй байгаа гэж ярьж байлаа. Сэтгэл санаагаараа нэгдсэн гэх иргэд Э.Амарбатыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлтэл суулт хийх гэнэ.
Х.Сүрэн