Олон улсад сансрын холбоо, хиймэл дагуулын үйл ажиллагаа явуулагч “ABS”, Монгол Улсын “Монголсат нэтворкс” компаниуд хамтарч “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуулыг энэ оны нэгдүгээр сарын 21-нд сансрын орбитод хөөргөн байршуулжээ. Уг хиймэл дагуулын тусламжтайгаар манай улс сансрын технологийн холбооны үйлчилгээ, үнэ тарифыг олон улсын жишгээс хямд үнээр хүртэх боломжтой болж байна. Энэ талаар “Монголсат нэтворкс”-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ “Хиймэл дагуул нь 12×27 мегагерцийн багтаамж бүхий техникийн хүчин чадалтай. “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуулыг манай улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан телевиз, радио, өргөн нэвтрүүлгийн, харилцаа холбоо, өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд ашиглана. Ялангуяа хөдөөгийн орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, тоон хуваагдлыг багасгах болон орон нутгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна” гэлээ.
Хиймэл дагуул нь сансрын орбитод байршсан байгаа бөгөөд газрын станцууд бэлэн болоход ажиллаж эхлэхэд бэлэн байгаа юм байна. Хиймэл дагуулын тусламжтайгаар телевизийн 100 суваг, өндөр хурдны интернэт, үүрэн телефоны үйлчилгээг Монгол орны хаанаас ч хүлээн авах боломжтой. Харин энэхүү үйлчилгээг ашиглахын тулд 300 гаруй ам.долларын төхөөрөмж худалдан авах шаардлагатай гэж “ABS” компанийн гүйцэтгэх захирал Том Чой хэллээ. Мөн тэрээр “Бид энэхүү үйлчилгээг байж болох хамгийн хямд үнээр хэрэглэгчдэдээ хүргэнэ. Шинэ “Iphone” утасны тал үнээр төхөөрөмжийг худалдан авах боломжтой” гэлээ. Уг үйлчилгээг 2017 оны зунаас буюу газрын станцууд баригдаж дуусмагц эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд тэр болтол нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй талаар мэргэжилтнүүд хэлж байна.
“Монголсат-1” нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн анхны хамтарсан тамгалан тунхагласан хиймэл дагуул болсноороо онцлог болж байна.
Г.ТҮШИГ