Монгол хүн дэлхийд юугаар танигдах вэ гэдгийг одоо л ярих ёстой

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Монгол хүн дэлхийд юугаар танигдах вэ гэдгийг одоо л ярих ёстой

Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙД ЮУГААР ТАНИГДАХ ВЭ
ГЭДГИЙГ ОДОО Л ЯРИХ ЁСТОЙ

Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхэлмээр санагд­лаа. Засгийн газрын бонд арилжих ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Бондын боломж, эрсдлийг ч дурьдах хүмүүс байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Засгийн газар дотоодын зах зээл дээр бонд гаргах шаардлагатай байсан уу гэвэл байсан. Бонд гаргаж, шаардлагатай хө­рөнгө оруулалтад мөнгө төвлөрүүлэх гэж байна. Тэр мөнгөөрөө бүтээн байгуулалт хийнэ. Бондыг нээлттэй эсвэл хаалттай гаргаж болно. Гэхдээ нээлттэй худалдвал хөрөнгийн захын хөгжлийг дэмжиж өгдөг. Яагаад гэхээр хөрөнгийн зах дээр бүтээгдэхүүн маш цөөн байна. Хөрөнгө оруулагч нар хувьцаа худалдаж авах гэхээр дийлэнх нь цөөн тооны хувь нийлүүлэгчийн гарт төвлөрчихсөн учраас эргэлт байдаггүй. Одоо хөрөнгийн бирж дээр 300 гаруй компани байна. Энэ компаниудын ихэнх хувьцаа нь төвлөрчихсөн байгаа. Тэгэхээр шинээр хувьцаа гаргах шаардлагатай энэ үед Засгийн газар бонд гаргаж байгаа нь тэр дундаа Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж арил­жаалж байгаа нь маш зөв. Нэг талаас мөнгөн хуримтлалыг цуглуулаад бүтээн байгуулалтад зарцуулах гэж байна. Нөгөө талаас хөрөнгийн захаа давхар дэмжиж байна. Тэгэхээр бонд гаргалтыг аль болох тогтмолжуулбал зүгээр. Долоо хоног биш юм гэхэд сар бүр тогтмол гаргадаг бондтой болох нь чухал. Бонд гаргасан хойно нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөв хийх ёстой.

-Хэрхэн үүнийг хийх ёстой вэ?

-Урсгал зардал нөхөхөд хийж болохгүй. Зөвхөн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа, ирээдүйд ашгаа өгөх зүйлд зарцуулах нь зүйтэй. Тэр дундаа дэд бүтэц, одоо тавдугаар цахилгаан станцын талаар ярьж байна. Мөн усны байгууламж барих, зам харилцааг сайжруулах шаардлагатай. Эдгээрээс гадна зөөлөн дэд бүтцүүд буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй. Одоо Улаанбаатар хотын хувьд Монгол Улсын хүн амын тал нь амьдарч байна. Тэгэхээр үүнийг энгийн хотын статусаар авч үзэхээс илүү улсын түвшинд авч үзэхээс аргагүй болж байна шүү дээ. Эхний ээлжид  хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдрах орчинг сайжруулах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Үүнийг хийхэд л бонд болон түүнээс татан төвлөрүүлсэн мөнгийг зарцуулах ёстой. Түүнээс биш урсгал зардалд ашиглаж болохгүй.

-Гадаад зах зээл дээр бонд гаргах талаар та нэлээд ярьдаг?

-Гадаад зах зээл дээр тодорхой хэмжээний бонд гаргах нь зөв гэж бодож байгаа. Энэ бондыг төгрөгөөр эсвэл валютаар гаргаж болно. Валютаар гаргах юм бол хүү багатай байх боломжтой. Ирээдүйд ам.долларын ханш төгрөгийн эсрэг унах хандлагатай болохоор үүнийг хэлж байна. Үүнээс гадна чанарын асуудлууд бий л дээ.

-Бонд худалдан авалт сайн байгаа гэсэн. Брокерууд “шинэ мөнгө” орж ирсэн гэж байна. Хөрөнгийн захад гадны хөрөнгө оруулагчид олон байх нь хэр зүйтэй зүйл вэ?

-Монголын хөрөнгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүдийг гадны хөрөнгө оруулагчид авчихлаа гэж бодъё. Хамгийн эвгүй нь асуудал хүндэрлээ гэхэд гадны хөрөнгө оруулагчид Монголоос гараад явчихвал байдал эвгүйтэнэ. Монголчууд маш чанга унах болно. Үүнээс болгоомжлохын тулд дотоодын хөрөнгө оруулагч нарыг бэлдэх хэрэгтэй. Гадаад, дотоодыг нь баланслах хэрэгтэй гэсэн үг. Баланслана гэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг яв гэсэн үг биш. Гадны хөрөнгө оруулалт бол маш сайн зүйл учраас дэмжих хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчдаа давхар дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр ядаж л татвараас хөнгөлж болно. Даатгалын салбарт гэхэд л амьдралын даатгалд хамрагдаж байгаа хүнийг жишээ нь нийгмийн даатгалаас чөлөөлдөг байх ёстой.

-Ойрын өдрүүдэд зэсийн үнэ буурах хандлагатай байна гэж хэвлэлүүд бичих боллоо. Энэ тал дээр таны зүгээс ямар нэгэн дүн шинжилгээ хийсэн үү?

-Яг тийм бүрэн шинжилгээ хийсэн юм алга. Одоо гол асуудал болох АНУ, Европын эдийн засаг бүхэлдээ унаж магадгүй, саарч болзошгүй байгаа явдал. Энэ хоёр тив бол дэлхийн хамгийн том эдийн засаг. Зэс өөрөө үйлдвэрлэлийн хэрэглээний түүхий эдийн хувьд том эдийн засгуудын хэрэглэгдэхүүн байдаг. Европын холбоо дэлхийн хамгийн том, дараа нь АНУ, Хятад, Японы эдийн засагтай бүсүүд байдаг. Тэгэхээр Европ унах юм бол дагаад Хятад, Японы эдийн засаг төдийлөн сайн байж чадахгүй. Зэсийн ханш үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засаг өсөхөөр чангардаг. Гэтэл эдийн засгийн өсөлт зогсчихвол зэсийн ханш унана. 2700 хүртэл буюу гурав дахин унасан саяхны түүх бий. Манай улс зэсийн орлогод дулдуйддаг орон. Төсвийн орлогын дийлэнх хэсгийг зэсийн борлуулалтын орлогоос авдаг. Тиймээс зэсийн ханш унах эрсдлээс хамгаалах хэлцлийг олон улсын зах зээл дээр яаралтай хийх хэрэгтэй.

-Хөгжлийн банкны талаар та ямар бодолтой байна вэ. Мэдээж байх хэрэгтэй гэж үзэж байгаа байх?

-Хөгжлийн банк бол байх ёстой. Тухайн улсынхаа арилжааны банкуудын дэмжиж чадахгүй байгаа том дүнтэй санхүүжилтүүд дээр Хөгжлийн банк ажилладаг. Мэдээж Хөгжлийн банк жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлж болохгүй. Энэ банк бол мега дэд бүтцийн төслүүдэд ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүх хүн, албан байгууллагууд дэмжих ёстой. Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд энэ бүр ч их хамаатай. Гэхдээ би боддог юм төрийн хүнд суртал маш их байна. Төрийн хүнд суртал чинь төрийн байгууллагадаа хүртэл саад болж байна шүү дээ. Бүр ямар чухал ажил хийж байгаагаа мэдэхгүйгээр, ухамсарлахгүйгээр сууж байдаг хүмүүс байна.

-Таны блогоор зочилж байхад Санхүүгийн зах зээлийн ахисан түвшний сургалт явуулж байна гэсэн мэдээлэл харлаа. Энэ ямар учиртай сургалт вэ?

-Манай холбоо 2004 оноос хойш Санхүүгийн зах зээлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тасралтгүй сургалт явуулж ирлээ. Энэ хооронд мэргэжлийн оролцогч нарт төлбөртэй, сэтгүүлч нарт үнэ төлбөргүй сургалт явуулсан. Яг өнөөдрийн байдлаар компанийн захирлуудад зориулсан сургалт явуулж байна. Компаниуд хөрөнгийн захад хэрхэн оролцох вэ гэсэн сургалт байгаа юм.

-Та саяхан Харвардын МВА зэргийн талаар шүүмжлэлтэй хандсан нэгэн нийтлэл бичжээ. Өмнө огт сонсогдож байгаагүй гологдлын шок гээч зүйлийн талаар бичсэн байна билээ. Энэ талаар?

-Яг одоо миний ярих гэж байгаа зүйлийг сонинд нийтлэх нь зөв, бурууг мэдэхгүй юм. Энэ бол миний хувийн үзэл шүү дээ. Ер нь монгол хүн дэлхийд юугаар танигдах ёстой вэ гэдгийг бид ярих ёстой. Чингэс хаан бол түүх. Өнөөдрийн монгол хүн бол Чингэс хаан биш шүү дээ. Монгол хүнийг дэлхийд таниулах зүйл бол Чингэс хаан юм гэж ярихаа болимоор байна гэсэн үг. Бүх улс үндэстэн өөрийн гэсэн бахархах түүхтэй, ярих баатартай. Гэхдээ Чингэс хаан өнөөдрийн монгол хүнийг илэрхийлж чадахгүй байна. Монголчууд бид юмыг дандаа шүүмжилдэг. Асуудлыг аль болох негатив, сөрөг талаас нь хардаг. Юмыг гэрэлтэй гэгээтэй өнцгөөс нь харж сурах хэрэгтэй. Одоо жишээ  нь, Засгийн газар юу ч хийдэггүй гэж шүүмжлэхийн оронд ядаж манай холбоо шиг сэтгүүлч нарт нэг удаа үнэгүй сургалт явуулчих л даа. Бид санхүүгийн салбарт туршлага хуримтлуулсан тэр чинээгээрээ хийх зүйлээ хийж байна шүү дээ. Үр дүнд нь сэтгүүлчдийн бичсэн санхүү, эдийн засгийн нийтлэлүүдийн чанар бага ч болтугай сайжирч байна. Далайд дусал нэмэр гэдэг шиг. Би үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр өөрчлөлтийг өөрөөсөө эхэл, хариуцлагыг өөртөө хүлээж сур гэсэн мессежийг түгээж байна. Монголчууд яадаг гэхээр өөрсдийгөө голдог. Тэгсэн мөртлөө хүнийг аймаар шүүмжилдэг. Үүнийг л би шок гэж харсан, нэрлэсэн. Бидэнд хэн ч өргүй. 25 настай нэгэн залуу байна гээд төсөөлье. Энэ залууд хэн ч өргүй. Тэр өөрөө л сайн сайхан амьдралаа цогцлоох ёстой. Ийм ч утгаар би блог хөтөлдөг. Түүнээс биш сүрхий нийтлэлч, айлдагч болох гэсэн юм биш. Дээр хэлсний үргэлжлэл болгож хэлэхэд бид Чингэс хааныг үргэлж ярьж болохгүй. Бид бахархах хэрэгтэй, хүндлэх ёстой. Гэхдээ ирээдүйгээ харж ажилламаар байна.

-Та ер нь уламжлалаас татгалздаг хүн юм байна гэж ойлгогдож байна?

-Уламжлал гэхээсээ илүү бид дээр үед юу хийсэн бэ гэдгээ ярьж биш ирээдүйд юу хийх гэж байгаа тухайгаа л ярьж амьдардаг байх ёстой. Чингэс хааны жишээ бол ойлгуулах зорилгоор хэллээ. Түүнээс биш үгүйсгэж байгаа юм биш. Манайхан юмыг туйлшруулж ойлгох гээд байдаг. Монгол улс 2050, 2100 онд юу хийх вэ гэдгийг л ярих ёстой. Түүнээс биш улс үндэстэн бүр өөрсдийнхөө талаар сайхан зүйл ярьж чадна. Жишээ нь АНУ хов хоосон газраас дэлхийн хамгийн том эдийн засгийг бий болгосон гүрэн гээд ярина. Туркууд юу гэдэг юм. Бид Түрэгийн маш том эзэнт гүрэн байгуулсан гэж өөрсдөөрөө бахархаж байгаа. Тэгэхээр бидний түүх бол дэлхийн хамгийн шилдэг түүх байж чадахгүй. Өнөөдрийг хүртэл бид нүүдэлчин байдлаар амьдарч ирсэн. Энэ уламжлалт соёл мөн. Бид үүнийгээ хадгалаад цаашаа явах уу, хөгжүүлээд урагшлах уу гэдгийг л ярих хэрэгтэй. Бид дугуй гэрт суучихаад эрчим хүчгүй, боловсролгүй суугаад байвал дэлхийтэй яаж өрсөлдөх юм бэ. Энэ уг нь их ойлгомжгүй сонсогддог мөртлөө маш ойлгомжтой зүйл шүү дээ.

-Бид  дэлхийтэй яаж өрсөлдөх ёстой гэж?

-Яаж өрсөлдөх вэ гэхээр уламжлал, соёл, түүхээ нандигнаад, хөгжих ёстой. 10 мянган жилийн өмнө бид яг одоогийнх шиг хэлбэрээр л мал хариулж явсан. Дэлхийн бүх улсууд мал аж ахуйгаа хөгжүүлээд фермд шилжүүлсэн. Бүтээмж нь ч өндөр болж ирсэн. Гэтэл өнөөдөр монгол малын мах фермгүйгээс болоод гарц багатай. Нэг хонины амьдын жин нь ижил төстэй хониноос хоёр дахин бага. Ноос, ноолуурынх нь гарц ч бага гэж хэлүүлдэг шүү дээ. Одоо телевизээр харж байхад уламжлалт мал аж ахуйгаа хадгална гээд яриад байдаг. Тэгсэн мөртлөө тэр хүн нь өөрөө сайхан костюм өмсчихсөн яриад байна. Тэр хүн ингэхэд хэнийг төлөөлж яриад байна вэ. Малчин хүнийг үү.

-Ингэхэд та хотын унаган иргэн үү. Хотынхоо талаар юу гэж боддог вэ?

-Юу гэж бодох вэ дээ. Шороотой л байна даа. Шороо хаанаас гараад байна. Харахад л ойлгомжтой байна. Соц нийгмийн үед зүлэг байсан газар шороон зурвас болчихоод байна. Миний уншсанаар ийм шороо хүний хөл, машины дугуйнд талхилагдсаар байгаад маш нунтаг болчихдог. Ийм нунтаг нь маш хортой химийн бодис, машины утаа зэргийг шингээж бөөн хор болдог. Бид бөөн хор үйлдвэрлэж байна шүү дээ. Тэр хороороо амьсгалж байна. Хөдөө шороо шуураад, нүд ам руу орох бол асуудал биш. Яагаад гэвэл тэр чинь байгалиараа байгаа зүйл. Чи нэг зүйлийг мэдэж байгаа байх. 10 жилийн өмнө эргэн тойрны чинь хэдэн хүн нь харшилтай байсан бэ. Өнөөдөр хэд болсон байна. Үүнийг л бодоод үз дээ. Энэ энгийн зүйл. Би хотоо гоё болгоё гэж хэлээгүй байгаа биз. Ийм ойлгомжгүй юм ярихгүй. Үнэндээ гоё хот гэж юу юм. Зүгээр л шороон зурвасуудаа ногоон болгоё, чадахгүй бол цементлээд өгчих л гэж хэлж байна. Гэхдээ энэ зун бас арай эерэг зүйлс харагдаж байна. Зүлгийг арай өөр технологиор ургуулж байна. Зэрлэг ургахааргүй болгосон байна. Хотынхоо төвд шарилжтай улс манайхаас өөр хаана байдаг юм, бүү мэд. Сингапур улс 1970 онд загасчны тосгон байсан. Одоо яаж хөгжсөн байна. Бид гоё хот гэж ярихын оронд ийм жижиг мөртлөө нухацтай авч үзэх асуудлуудаа цэгцэлмээр байгаа юм. Түүнээс биш хотын мэр буруутай гэх нь хаашаа юм.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж