Facebook-ээр бичлэг цацсан этгээд өөрийгөө хороожээ

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

Facebook-ээр бичлэг цацсан этгээд өөрийгөө хороожээ

Хүний амийг хөнөөж байгаа бичлэгийг Facebook-ээр цацсан этгээдийг цагдаагийнхан гурав хоног хайсны эцэст машиндаа өөрийгөө буудан хороосон байхыг олсон байна. Хэрэг явдал өнгөрсөн Ням гаригт /2017.04.16/ АНУ-ын Огайо мужийн Кливлендэд гарсан юм. Бичлэгийг хэдэн цагийн дараа устгасан.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 37 настай хар арьстан Стив Стивенсон хэмээн цагдаа нар тогтоон эрэн сурвалжилж эхэлсэн юм. Түүний бичлэгт үзүүлсэн хохирогч нь 74 настай мөн хар арьстан Роберт Годвин байсан бөгөөд гэрийнхэнтэй сүмээс буцаж яваад гэмт хэрэгтний гарт өртжээ. Алуурчин бичлэгийнхээ үеэр үүнээс гадна нэг бус удаа хүний амийг хороосон гэдгээ хэлсэн бөгөөд гар буутай байсан учраас цагдаагийнхан иргэдийг сэрэмжлүүлээд байсан юм.

Facebook бичлэгийг хоёр цагийн дараа устгаж, энэ нь шууд дамжуулалт биш бичлэг байсан гэсэн мэдэгдлийг хийсэн. Энэ асуудлаар Facebook-ийг үүсгэгч Марк Цукерберг өчигдөр болсон тус компаниас жил бүр зохион байгуулдаг ажилтнуудын уулзалт дээр байр сууриа илэрхийлжээ.

“Ийм эмгэнэлт явдал дахиад болохгүйн төлөө бид их зүйл хийх хэрэгтэй байна” хэмээн Цукерберг хэлжээ.

Кливленд хотын Цагдаагийн дарга хэргийн талаар мэдээлэл хийхдээ олон нийтийн сүлжээг зөв хэрэглэхийн чухлыг онцолсон байна.”Олон нийтийн сүлжээ маш их нөлөөтэй гэдгийг хүмүүс ойлгож байна. Бусдад муу зүйл хийхэд олон нийтийн сүлжээг ашиглахгүй байх хэрэгтэй. Үүний тод жишээ энэ хэрэг юм” хэмээн Кливленд хотын Цагдаагийн дарга Калвин Уильямс хэлжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж