“Хэрэв та Алс дорнодын орнуудыг сансраас авсан шөнийн зурагнуудыг үзвэл тэдгээрийн дунд ямар ч гэрэлгүй томоос том хар толбо буйг олж харах болно. Энэхүү харлан байгаа хэсэг бол БНАСАУ-ын нутаг дэвсгэр юм”. Хатагтай Барбара Дэмик соцлагерийн сонгодог жишээ болон үлдсэн Солонгосын хойг дахь энэ орныг ингэж дүрсэлжээ. Газар зүйн байрлалын хувьд, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг гүрнүүдтэй хил залган оршдог ч чучхе үзэлтнүүд нэг л ганцаардмал, бас хоцрогдмол. Сэтгүүлч бүсгүй маань энэ тухай өгүүлэхдээ “Тэрхүү нууцлаг хар ангалын хажууд Өмнөд Солонгос, Япон, сүүлийн үед бас Хятад улс хөгжил цэцэглэлтийнхээ ид үед яваа. Сансраас авсан зурагт хэдхэн зуун бээрийн дээхнэ гудамж, замын гэрэл, сурталчилгааны самбар, түргэн хоолны газруудын неон гэрлүүд, бас хүмүүс ажлаа хэрхэн хийж, XXI зуунд цахилгаан, эрчим хүчээр бялхан байгааг илтгэх мэт жижигхэн цагаан цэгүүд харагдана. Гэтэл гол дунд нь Английн газар нутагтай бараг тэнцэхүйц хэмжээний газар харлан нүүгэлтжээ. Тэнд 23 сая хүн амтай улс орон гялайж гялтайх юу ч үгүйгээр далай шиг хоосон оргих аж. Хойд Солонгосыг зүгээр л хов хоосон гэж хэлж болно” хэмээжээ. Тэгвэл Монгол орон маань сансраас ямаршуухан харагддаг бол. Эрчим хүчний хомсдолтой, энхэл донхол замтай баруун аймгууд, бас хөгжил муутайхан сумдыг эс тооцвол Хойд Солонгостой ч харьцуулшгүй л дээ. Учир нь Монгол бол ардчилсан улс.
Чөлөөт зах зээлийн тогтолцоогоор замнаж яваа орон билээ. Гэвч монголчууд тэр үед ийм замыг сонгоогүй бол. Тийм ээ, Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд оршдог манай улс “Энэ дэлхий дээр капитализмыг алгассан цор ганц улс бол Монгол” хэмээн бардамнаж, хойд солонгосчуудтай адил “Бүхнийг өөрсдийн хүчээр бүтээнэ” хэмээн чухче үзлээр замнасан бол ёстой юун ардчилал, олон ургальч үзэл, бас Оюутолгой, Тавантолгой байх билээ.
БНАСАУ бол манай улстай дипломат харилцаатай орнуудын нэг. Орос, Хятадтай ч мөн адил. Тиймээс хойд, өмнөд хөршийнхөн маань Солонгосын дайны үед тэдэнд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлж байсан билээ. Улс төр, эдийн засгийн салбарт Орос, Хятадтай сайн түншлэлийн харилцаатай байсан учраас хөгжлөөрөө Өмнөд Солонгосоос түрүүлж явсан түүх ч тус улсад бий. Гэвч М.Горбачёв өөрчлөн байгуулалтыг тунхаглаж, ЗХУ задарснаар хойд солонгосчуудын хувьд мөнөөх “Хар ангал”-ын эрин үе эхэлсэн юм. Хатагтай Барбара Дэмикийн өгүүлсэнчлэн германчуудыг хоёр өөр нийгмээр зааглаж байсан Берлиний хананы багахан хэсэг 1990 оноос эхлэн түүхийн дурсгал болон үлдэв. Хятадууд улс төрийн бодлогын хувьд социалист үзлийг баримталж, эдийн засгийн салбарт чөлөөт зах зээлийг нэвтрүүлэх боллоо. Удирдагч Мао Зэдуны хөрөг жуулчдын худалдан авдаг загвар муутайхан цагийн нүүрэн дээр л үзэгдэх болж, Зүүн Европ дахь Ким Ир Сений дотны найзуудын дарангуйлал эцэс болов. Харин Хойд Солонгосын эрх баригчид “Зарим оронд коммунист дэглэм нуран унаж байгаа нь сул дорой ард түмэнтэй нь холбоотой. Гэхдээ бидэнд энэ ертөнц дээр атаархах зүйл огт үгүй. Учир нь та бид агуу удирдагч Ким Ир Сений “хүүхдүүд” хэмээн мэдээллээс хоцрогдсон ард түмнийхээ тархийг угаасаар байлаа.
“Атаархах зүйл үгүй”-д өөр юун тухай өгүүлэв. Хойд Солонгост байдал улам хэцүү боллоо. Гэвч Сталины тогтоосон фамилизм ноёрхсон хэвээр байв. Ким Чен Ир ч ийм л жишгээр эцгийнхээ суудлыг залгамжлах боллоо. Өмнөд Солонгос улс 1970-аад оны дунд үеэс хөгжлөөрөө тус улсын өмнө “гишгэж”, хуучнаар ЗХУ, бас хятадууд тэдэнтэй түншлэхийг эрмэлзэж эхэлсэн юм. Тэд мөнөөх “Коммунизмын эв нэгдэл” хэмээгчээ огоорон төрийн мэдлийн үйлдвэрүүд нь төлбөрөө цагт нь төлдөггүй чучхе үзэлтнүүдтэй биш, “Хьюндай”, “Самсунг”-тай бизнес хийхийг бүр ч ихээр хүсэмжлэх болжээ. Хатагтай Барбара Дэмикийн хоржоонтойхон бичсэнчлэн дэлхийн коммунистууд хот дог, “Кока кола”-ны амтанд дурлах болсон тэр үед буюу 1990-ээд оны эхээр нийт өрийн хэмжээ нь 10 тэрбум ам.долларт хүрээд байсан хойд солонгосчуудаас зээлдэгч орнууд нь залхаж эхлэв. Тиймээс тус улс эрчим хүчний хомсдолд орж, цахилгаанаар ажилладаг моторууд нь ажиллахаа больсноос хүн ам нь ундны усгүй болоход ч хүрчээ. Харин тэр үед монголчууд картын системд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл үгүй болоод байсан юм. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн үед хүмүүс “Амьдрал маргааш сайжирна” гэх үгийг телевизээр орой бүр сонсож, П.Жасрай агсан Ерөнхий сайд байхдаа “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” хэмээн хэлж байсныг одоо ч санаж байгаа биз. Шилжилтийн эхэн үед төрийн мэдлийн үйлдвэрүүд хаалгаа барих нь барьж, хувьчлагдах нь ч хувьчлагдсан. Хамгийн сонирхолтой нь Монгол Улс цагаан морин жилийн хувьсгалыг хийгээгүй бол, бас нийгмийн нэн шинэ өөрчлөлтийг эхлээгүй бол олон улсад “Орос, Хятад хэмээх хоёр их гүрний дунд орших коммунизмын үлдэгдэл болсон орон” хэмээн шүүмжлүүлэх байсан нь лавтай. Оросууд хойд солонгосчуудыг 1990-ээд оны эхээр өндөр үнэтэй цахилгаанаар хангах санал тавьсанчлан Монголд төлж дийлэмгүй үнэтэй шатахуун нийлүүлэхээ урьтал болгох байсныг ч үгүйсгэхийн аргагүй. Гэлээ гээд “Социалист хамтын нөхөрлөлийн орнууд” хэмээх нэгэн дээвэр доор эв найртай явцгаасан улсууд тусалж чадах байсан гэж үү. Огт үгүй юм. Товчхондоо, яг л Хойд Солонгос шиг болох байсан.
Хатагтай Барбара Дэмик Америкийн сэтгүүлчдийн нэгэн адил БНАСАУ-д очих гэж асар их бэрхшээлийг туулсан төдийгүй маш олон хүнтэй уулзаж, Ким Чен Ирийн хуурамч инээмсэглэл, Пхеньян хэмээх үзүүлэнгийн хотын цаана чухам юу нуугдаж буйг илчлэхийг зорьжээ. “Агуу удирдагч Ким Ир Сенийг хацарт нь улаа бутарсан хүүхдүүдтэй хамт зурсан нь олонтаа. Хойд Солонгосын ирээдүй болсон хүүхдүүд үнэхээр аз жаргалаар бялхан байдаг гэж үү. Агуу удирдагчийн сүрлэг хөшөөний дэргэд нэгэн үзэсгэлэнт бүсгүй дуу дуулангаа хатгамал хатгаж суугааг гэрэл зурагнаас харсан. Энэ улсын ард түмэн тэр бүсгүй шиг амгалан тайван байж чадаж байна уу”. Сэтгүүлч бүсгүй маань энэ бүхнийг хойд солонгосчуудын бодит амьдралаас харахыг хүсчээ. Харамсалтай нь түүнийг тус улсад очиход ядарч, туйлдсан ард түмэн л угтжээ. Чухам иймээс л нийслэл Пхеньяныг “Үзүүлэнгийн хот” хэмээн нэрлэсэн хэрэг. Харин өлсгөлөн, ядуурал нүүрлэсэн эх орноосоо дүрвэгсэд ямар их эрсдэл туулж, Сөүлд хөл тавьснаа ч ярьсан байх юм. Өмнөд Солонгосын Засгийн газраас тэдэнд 20 сая воны тэтгэмж өгдөг ч Хойд Солонгосын дүрвэгсэд огт өөр нийгэмд дасан зохицох гэж багагүй бэрхшээлийг туулдаг аж. Тэдний хувьд, үсээ хурц содон өнгөөр будаж, дэгжин хувцасласан өмнөд солонгос охид яг л харийн хүн мэт санагдаж, хүмүүсийн хөл хөдөлгөөн, машины дуу чимээнээс ч залхдаг гэсэн. Хамгийн сонирхолтой нь дүрвэгсдийн олонхи нь “Хойд Солонгосын дээд боловсролын дипломыг Өмнөд Солонгост авч хэлэлцдэггүй. Хэзээ нэгэн цагт төрөлх нутагтаа очиж, бүтээн байгуулалтад нь гар бие оролцоно” гэсэн байх юм. Энгэртээ Ким Ир Сений зурагтай тэмдэг зүүхээ больж, өндөр хөгжилтэй оронд амар жимэр амьдрах болсон ч чучхе үзэл тэдний ой ухаанд гүн шингэжээ.
Шилжилтийн хүнд хэцүү цагт Өмнөд Солонгосыг зорьсон монголчуудад ч нийгмийн огт өөр ялгаа мэдрэгдсэн нь тодорхой. Хойд Солонгосчуудын нэгэн адил коммунизмын замналаар замнаж, нээлттэй, чөлөөт нийгэмд хөл тавиад хэдхэн жилийн нүүр үзсэн монголчуудад тус улс арай өөр ертөнц мэт санагдаж байсан биз. Гэхдээ өнөөдөр цаг үе өөрчлөгджээ. Ерөнхий сайд С.Батболдын мэдэгдсэнчлэн Монгол оронд шилжилтийн үе эцэс болсон. Монголчууд маань 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр БНСУ-ын виз даруулахын тулд зуучлалын төлбөрт дунджаар 2500 ам.доллар төлдөг байсан бол өдгөө энэ мөнгө брэндийн цүнх худалдан авахад хүрэхтэй үгүйтэй. Залуус Өмнөд Солонгост гэрээгээр ажиллахын тулд уртаас урт дараалал үүсгэдэг хэвээр ч “Монголд хангалттай цалин авах боломж бий. Залууст олон, олон боломж шинээр нээгдэж байна” хэмээн үзэх хүмүүс ч цөөнгүй. Харин хатагтай Барбара Дэмикийн бүтээлийн гол баатрууд “Эцэг минь, бидэнд энэ дэлхий дээр атаархах зүйл үгүй” хэмээн дуулсаар л. Түүнд шилжилтийн үеэ эцэс болгосон Монголын нутаг дэвсгэрийг сансраас “тольдсон” гэрэл зураг бий болов уу. Гуравдагч хөршүүдийнхээ эдийн засгийн ашиг сонирхлын гол цэг болсон Монгол Улс сэтгүүлч бүсгүйд Бээжингээс хэрхэн харагдаж байгаа нь сонирхол татна.
"Улс төрийн тойм" сонин