Хятад танкаас хятад тагнуулчийн үлгэр

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

Хятад танкаас хятад тагнуулчийн үлгэр

Хорвоо ч угаасаа элий балай юмсаар дүүрэн л дээ. Тиймдээ ч лам хүн ном эрдмийг биш шунал хүслийн тухай хөөрөлдөж, тагнуулч өнгөрч баларсан хов жив хөөцөлдөх нь өнөө цагийн нэг “эмо” үзэгдэл гэлтэй.

Монголчууд үлгэр сонсч, үлгэрт итгэж өссөн ард түмэн. Эрийн сайн Хан харангуй баатар гэнэт гарч ирээд энэ орчлонг нэг л өдөр аварна гэдэгт  итгэсээр л яваа. Өнөөдөр ч бидний Эрийн сайн Хан харангуй баатрын эрэл дээр тодорч гарч, томорч дэвших гэсэн хүмүүс улс төрд хэдэн арваараа тоологдож байна.

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгууль Монголын улс төр, нийгмийн топ сэдэв болжээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн хямралд өртсөн нийгмийн  сэтгэлзүйг ашиглаад Исус Христос, Будда, Эрийн сайн Хан харангуй баатруудын дүрд хувирч "сарыг аврах" том амбицтай, гоё мөрөөдөлтэй хүмүүс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг илүү сонирхолтой бас улс төрийг илүү хурцадмал болгож байна.

Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Баатар хэвлэлээр ил захидал хэвлүүлсний дараахан телевизийн ярилцлагад орсон нь том улс төрийн өмнөх жижигхэн хэрүүлийн сэдэв болон хувирлаа. Аливаа асуудлыг улс төржүүлэхийн хэрээр ар дахь үнэн нь дандаа бүдгэрч явдаг гэсэн үг бий.

Ямартай ч хятад тагнуулчийн тухай шинэ үзэгдэл хаа хүрч дуусахыг, ар дахь зорилго нь юу болохыг одоогоор шууд дүгнэхэд эртэднэ. Харин монголчууд хэдий хүртэл бие, биеэ хэмлэсэн шигээ тамын тогоондоо амьдрах вэ гэсэн асуулт энэ бүхнээс тавигдаж байна.

Тэр тусмаа хятад танкаас хятад тагнуулч хүртэлх эмгэнэлт жүжиг хэзээ дуусах вэ?  Аливаа улс төрийн зорилготой жүжиг тоглогдохын хэрээр нийгэм, эдийн засагт мөнгөөр тооцох боломжгүй эрсдэл хүлээсээр байдаг. Тиймдээ ч хятад тагнуулчийг илрүүлэх ажиллагааны ард хоёр хардлага нийгэмд байна.

Нэг дэх хардлага: Тавантолгой ба тагнуулч

Өнгөрсөн Даваа гаригт олонхын бүлэг хаалттай хуралдсан ч хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй гэдгээ зарласан. Мэдээлэл хийх боломжгүйд хүрсэн шалтгаан нь бүлгийн хуралдаанаар эрх баригчдын зөрчил дээд цэгтээ хүрсэн аж. Зөвхөн Монгол Ардын нам гэлтгүй Ардчилсан нам ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн том хөдөлгөөнд ороход бэлэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө аль, аль нь рейтингээ унагаахгүйн тулд “уур хилэн”-гээ тэвчиж буй болохоос үнэндээ эрх баригчдын зөрчил бүлэгтээ төдийгүй засгийн танхимдаа ч илрэх болсон юм.

МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хоорондын хэрүүлээс болоод гишүүд нь хурлаа хаян гарцгаажээ. Олонхийн бүлгээр Тавантолгойн асуудал орохтой зэрэгцээд хятад тагнуулчийг илрүүлэх ажиллагаа явагдаж эхэлснийг зүгээр ч нэг тохиолдлын хэрэг гэж хэлэхэд  бас хэцүү.

Засгийн газрын төвшинд Тавантолгой төслийг хөдөлгөх бүрт гацааж, эсэргүүцэх эх орончдын хөдөлгөөн нэмэгддэг. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө Тавантолгойн төслийг хөдөлгөнө гэдгээ тусгаж, шинэ оны өмнө хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ эхлүүлсэн ч олонхын бүлгийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан  билээ. Тэгвэл олонхын бүлгийн хуралдаанд Тавантолгойн асуудлыг оруулж ирнэ гэдэг цаана учир шалтгаантай.  Хаа хамаагүй сэдэв барьж аваад бүлгийн хурлаараа хэлэлцэхгүй нь мэдээж.

 Тиймээс хятад танк, хятадын цэргээр олон нийтийг айлгах нь  нэгд, хуучин сэдэв болсон, хоёрт, нэг их хол явахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр  олны  тархийг угаах шинэ зохиол хэн нэгэнд хэрэгтэй байсан ч байж болох.

Хоёр дахь хардлага: Ерөнхийлөгчийн сонгууль ба тагнуулч

УИХ-ын тогтоолын дагуу энэ сарын 29.30-ны өдрүүдэд Төрийн ордонд зөвлөлдөх санал асуулга болно. Энэхүү санал асуулгын үр дүнгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сценари өөрчлөгдөх юм.

Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын олонх Зөвлөлдөх санал асуулга явуулах тогтоолыг батална гэдэг Монгол улс төрийн хувьд шинэ нөхцөл байдал бий болно гэсэн үг. Зөвлөлдөх санал асуулгаас долоохон хоногийн дараа парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Чухам иймээс л хятад тагнуулчийг илрүүлэх ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуультай хамаатай гэсэн хардлага байгаа юм.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгууль дээр өрсөлдөнө гэдгээ ил зарласан Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл дээр Х.Баттулгыг албан ёсоор нэмж болно. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдож эхэлсэн цаг мөчид хошууч генерал Ж.Баатарын хятад тагнуулчийн тухай үлгэрт итгэхэд  бэрх. Учир нь,  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон жилийн гомдлоо хэвлэлээр дайх нь тагнуулчийн нэг зорилгтой үйлдэл байж мэднэ. 

Гэхдээ энэ бүх хардлагын эцэст ганц л дүгнэлт хийж болохоор.  Зам тээврийн ослоор өдөр болгон хүн нас барж байгаа тухай мэдээг нийгэм цочир хүлээн авахаа больсонтой адил хятад танк, хятад тагнуулчийн тухай үлгэрт автсаар хэзээ нэгэн цагт бодит үнэнд бид итгэхээ байвал яана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж