Төсвийн санхүүжилт ”гацжээ”

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Төсвийн санхүүжилт ”гацжээ”

Найр, наадмын өдрүүд хаа сайгүй ид үргэлжилж байна. Энэ зуур төрийн байгууллагууд эзгүйрчээ. Дарга даамалгүй ээлжийн амралтаа эдлээд хөдөөгүүр тарвага, айраг эргүүлж яваа бололтой. Болохгүй гэлтэй нь биш, яалтай. Ялангуяа яамдын хувьд үүднийх нь  жижүүр үүрэглээд сууж байгаа нь их юм болоод байна. Ганц, хоёр мэргэжилтэн харагдавч “Би сайн мэдэхгүй байна. Наад асуудлыг чинь мэддэг хүн амарчихсан байгаа.” гэх хариулт бэлдчихээд мэлийж сууна. Бодвол өдрийн талд нь хэн нэгэнтэй интернэтээр маазарч, цаг нөгцөөж байгаа гэдэгтэй мөрийцсөн ч яахав. Ажиглаад байхад хувийн хэвш­лийнхэн болохоор дулааны улирлыг ашиглах гэснийх үү, эрвийх дэрвий­хээрээ ажиллаж байгаа харагдах юм. Ялангуяа барилгын ажил энд тэндгүй оволзож байна. Наад захын үсчний газар л гэхэд шавар, шохойн дунд засвар хийж байх жишээтэй. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа болохоор сургууль, цэцэрлэг ч иймэрхүү байдалтай байна. Энэ жилийн хувьд төсвөөс 60 орчим тэрбум төгрөг гаргаж иймэрхүү засвар шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Ийм хэмжээний санхүүжилтийг “дээрээс” бүрэн шийдээд өгчихсөн гэсэн үг л дээ. Гэтэл төсвийн зарим албан газрынхан “Засвар, шинэчлэлийн мөнгө одоо болтол орж ирдэггүй ээ”гээд шилээ маажаад зогсож байгаа аж. Уг нь аль эрт, өнгөрсөн хавар шахам Засгийн газраас нийслэлийн хэмжээнд л гэхэд 105 төсөл арга хэмжээнд зориулж овоо хэдэн тэрбумыг өгөхөөр болсон санагдана. Шинэ буюу шилжих барилгад л гэхэд 37.8, төсвийн байгууллагуудын барилгын их засвар, тоног төхөөрөмжид зориулж 17.7 тэр­бумыг зарцуулахаар болсон юм. Хан­галттай биш ч гэсэн боломжийн л мөнгө. Харин Засгийн газраас шийдсэн өнөөх санхүүжилтийн мөн­ө нь өнөөг болтол таг чиг болжээ. Одоогийн байдлаар зөвхөн эрүүл мэндийн салбарын хувьд л гэхэд нийс­лэлд Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын төв, нэг, гуравдугаар эмнэлэг зэрэг хэд хэдэн томоохон байгууламжийн өргөтгөлийн ажил эхлээд явж байгаа ч санхүүжилтгүйгээс болоод зогсоход ойрхон байгаа аж. Үүн дээр нэмэгдээд хаваржин бөөн сүр дуулиан болсон төрөх эмнэлгүүдийн барилгын ажил ч иймэрхүү байдлаас үүдээд  саатсан байна. Үүний гол шалтгаан нь төрөөс мөнгө өгөөгүйдээ бус Сангийн яам­ныхан “гацаагаад” байгаатай холбоотой гэнэ. Засгийн газраас анх батлахдаа дээрх санхүүжилтийн 30 хувийг эхэлж өгөөд явцын дунд буюу төсвийн орлогоос хамаарч үлдэгдэл мөнгийг нь өгөхөөр болсон нь Сангийн яамныханд том шалтаг болсон бололтой. “Барилгын ажил зогсох гээд байна. Үлдэгдэл санхүү­жилтийг шилжүүлээч” гэж барилгын ажил хийлгэж буй тухайн газрынхан тус яамныханд ханддаг ч нэмэр бололгүй өнөөг хүрчээ. “Төсвийн орлогын мөнгө орж ирээгүй байна.” гэсэн ганц хариулт л сонсдог байна. Нэгэнт барилгын ажлаа эхлүүлчихсэн болохоор хугацаандаа багтаад дуусгамаар байдаг, удахгүй есдүгээр сараас ачаалал нь ихэсдэг гээд олон хүндрэл дээрх эмнэлгийн удирдлагуудын санааг зовоож эхэлжээ. Зөвхөн эрүүл мэндийн салбарт ч бус хотын зарим сургууль, цэцэрлэгийн хувьд ч барилгынхаа засварын ажлыг одоо болтол эхлүүлээгүй байгаа дуулдсан. Засварын мөнгөгүйгээс болоод “хөдөлж” чадахгүй байж ч магадгүй юм. Хөшөө хүрэлдэж, тэгш ойнууд тэмдэглэх болохоор төрийн сан хөмрөг мөнгөтэй байдаг. Харин шинээр барилга барьж, засч сэлбэх гэхээр мөнгөгүй болчихдог болжээ. Дээрээс нь алба хариуцсан хүмүүс нь дарга, цэрэггүй амралтаа аваад арилж өгсөн нь ч нөлөөлсөн байх. Ямар ч гэсэн төсвийн орлого хэзээ “түнтийнэ”, тэр үед л төсвийн байгууллагуудын барилгын ажил үргэлжилжлэх нь ээ. 

             
Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж