Чөлөөт бүсийн нэг тэрбумын хашаа элсэнд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2017.04.19-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсийн нэг тэрбумын хашаа элсэнд дарагджээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр /2017.04.19/ Шадар сайд У.Хүрэлсүх чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Шадар сайдын харьяанд чөлөөт бүс хамаарч байна.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар бүр чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр хууль батлуулж, дэд бүтцийг бий болгох чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалт хийсэн ч төдий л амжилт олоогүй аж.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Энэ асуудалтай холбогдуулж,

Чөлөөт бүс гээд хашааны хэрүүл хийгээд дуусч байна. Эдийн засгийн чөлөөт бүсүүдэд импортыг орлох үйлдвэр хэд байгуулагдсан, ажлын байр хичнээн нэмэгдсэн талаар ярьдаг байх ёстой. Бид 13 жил чөлөөт бүсийг хөгжүүлэх гээд чадсангүй. Эдийн засагт өгөөж алга. Бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Өнөөдөр Алибаба дэлхий даяар чөлөөт бүс гэхгүйгээр үйлдвэрээс хэрэглэгч рүү нь хүргэж байна. Гэтэл манайд аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй. 170 тэрбум төгрөг зарчхаад чөлөөт бүс амь орохгүй байна гэж шүүмжлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Замын-Үүдийн чөлөөт бүс яагаад өнгөрсөн 20 жилд хөгжсөнгүй вэ. Очих бүрт судалгаа хийж, хайс барьж байна гэдэг нэг л хариулттай. Яг өнөөдрийн байдлаар энэ бүсэд юу хийсэн бэ гэлээ.

Ажлын хэсгийн зүгээс өгч байгаа мэдээллээр Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэг тэрбум төгрөгөөр хашаа барьсан ч говийн элсэнд дарагджээ. Хийсэн ажлууд нэлээд бий. Энэ нь дэд бүтцийг бий болгоход чиглэсэн. Нийтдээ Хятадын хөрөнгө оруулалтаар 50 сая ам.долларын ажил хийгдсэн байна.

Эцэст нь Байнгын хорооноос Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд аудит хийлгэх, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлд арга хэмжээ авах талаар чиглэл өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж