Хэдийгээр сүүлийн хоёр сард гурав, дөрвөн удаа “Санамсаргүй” гэх осол болсон нь зарим хөрөнгө оруулагч болон хурдан галт тэрэгний замыг барьсан барилгын компаниудын нэр хүндийг унагасан нь үнэн. БНХАУ-ын төмөр замын салбарыг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч Шиу Дао Мин “Манай салбарт хөрөнгө оруулсан бүх компаниуддаа хандаж санаандгүй болсон ослоос хүлцэл өчье. Бидний хамтдаа босгосон энэ том бүтээн байгуулалт, ганц хоёр санамсаргүй ослоос болж нэр хүнд маань унах учиргүй” гэжээ. Харин Хятадын хурдан галт тэрэгний мэргэжлийн хяналтын байцаагч Хан Зай Вэй “Синьхуа” агентлагт “Мэргэжлийн хяналтынхан хүлээж авснаас хойш чанарыг шалгах туршилтын хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд хурдан галт тэргийг зохих хурдны хэмжээнээс давсан, жолоочийн хариуцлага алдсан гэх хоёр үндэслэлээр улсын хэмжээнд 16 хурдан галт тэргийг битүүмжлээд байгаа. Хэрэв эдгээр галт тэрэгнээс өөр компаний галт тэрэгнүүд ямар нэг зөрчил гаргавал, бид даруй үйл ажиллагааг нь хаах хэмжээнд асуудлыг авч хэлэлцэх болно гэдгийг анхааруулж байна” гэсэн байна. Уг мэдэгдлийн дараа БНХАУ-д үйл ажиллагаа явуулж байгаа хурдан галт тэрэгний компаниуд тус бүрдээ хяналтаа сайжруулсан талаар ч Хятадын хэвлэлүүдээр өнгөрсөн хугацаанд яригдаж байсан.
Хурдан галт тэрэгний удирдлагын зүгээс долдугаар сарын 11, 14, 15, 19-нд Бээжин, Ханзоу, Вьюшань, Яньчэний хурдан галт тэрэгний гүүрүүдийг бэхжүүлэх засварын ажлыг эхэлсэн талаар мэдээлсэн. Мөн гүүрний барилга, засвар хариуцсан мэргэжилтний үзэж буйгаар “Хурдан галт тэрэг хоорондоо хэдэн минутын давтамжтайгаар зөрдгөөс болж зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, гүүрэн хэсэгт хурдаа сааруулах зайлшгүй шаардлагатай байдаг. Харин галт тэрэгний жолооч нар ихэвчлэн хурдтай явж байгаад эргэлт дээр хурдаа сааруулахгүй явснаас болж сүүлийн осол гарсан байх” гэжээ.
Энэ мэт осол нь Хятадын хурдан галт тэргээр үйлчлүүлдэг хүмүүсийн тоог багагүй хувиар багасгасан талаар ч тус улсын хэвлэлүүд онцолж байна. Хятадын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин төмөр замын салбарт хөрөнгө оруулахгүй байх бодлого хэрэгжүүлэх болсон талаар “Shanghainews” бас мэдээлэв. Эрх баригчид ч төмөр замын салбарт хөрөнгө оруулах нь ашгаа өгөхгүй байгааг нуусангүй. Цаашид энэ мэт осол гарах юм бол улсын төсвөөс хурдан галт тэрэгний салбарт зориулж буй төсвөө багасгах шийдвэр ч гаргаж болзошгүйг анхааруулжээ. Үнэхээр хурдны хувьд гайхалтай шуурхай. Гэхдээ хүний амийг юутай ч хэмжишгүй билээ.
“Уг нь хүмүүс зуны цагаар хурдан галт тэргийг сонгодог боловч айдас дагуулсан төмөр хүлгээр хэн ч зорчихийг хүсэхгүй” хэмээн Хятадын иргэд ярьж байна. Мөн Бээжингийн иргэд “Ямартай ч энэ асуудал БНХАУ-ын төр засгийн сонорт хүрсэн болохоор ямар нэг арга хэмжээ авах нь тодорхой” гэсэн байр суурьтай байна.
"Улс төрийн тойм" сонин